Цэс Close

Хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардууллаа

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг манай улсад 2017 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, МҮОХ-той хамтран долоо дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Эл өдөр хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан өгдөг уламжлалтай. МУ-ын гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт Д.Отгондалай, МУ-ын шигшээ багийн тамирчин Т.Санчир нар  хавдрыг даван туулагч хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулж, урам зориг өгөв.

Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, МҮОХ-ны Ерөнхийлөгч, ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч, ажилчид, бусад лавлагаа шатны тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүд болон хавдрыг даван туулсан хүүхдүүд, тэдний гэр бүл болон шинээр оношлогдон эмчилгээ хийгдэж буй хүүхдүүд, асран хамгаалагч нар оролцлоо. Дэлхий дахинд жилд дунджаар 400,000 хүүхэд хорт хавдраар өвддөг бөгөөд Монгол Улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр илэрдэг байна. 2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд хорт хавдраар оношлогдон эмчлүүлж байна.

Монголд цусны, тархины, нүдний хорт хавдар, ходжкины болон ходжкины бус лимфома зонхилдог. Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймд дэлхий нийтээрээ хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, чанартай эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж буй.

ДЭМБ-аас 2018 онд Хүүхдийн хорт хавдартай тэмцэх Глобаль санаачилгыг гаргасан. Уг санаачилгын хүрээнд 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш хүргэж нэмэгдүүлэх, дараагийн арван жилд эмчилгээний чанар хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд ингэж чадвал нэг сая хүүхдийн амь насыг аврах боломжтой хэмээн үзэж байна. Монгол Улсын Засгийн газар хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ДЭМБ-ын дээрх санаачилгад 2021 онд нэгдсэн нь Номхон далайн баруун бүсийн улсуудаас Филиппин улсын дараа хоёр дахь улс болсон юм. Тус санаачилгын хүрээнд ДЭМБ, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ судалгааны эмнэлэгтэй хамтран Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах