Хайртай багийнхаа талбайн төвд амиа өргөсөн Абдон Портегийн түүх
Хүн бүрийн амьдрал өөр өөрийн замаар явсаар эцэстээ үхэл гэх үл ойлгогдох мөртлөө хүн бүрт ойлгогдох нэгэн цэгт хүрч дуусдаг. Үхлээ хүн сонгох эрхтэй. Үүнийг Абдон Портегийн үнэнч сэтгэл нь хэлж өгсөн юм. Хэдийгээр бахархаад байхаар сайхан түүх биш ч гэлээ Абдон Портег алс холын Уругвайн алдарт “Насьонал”-ын фанатууд одоо хүртэл хайрлаж, амнаас аман дамжин ярьсаар байдаг гэнэм.
Абдон Порте 1893 онд Либертаде хотноо төржээ. Багаасаа л бидний адил хөлбөмбөгт дурлачихаж. Өөрийн гэсэн багтай болно доо гэж тэр мөрөөднө. Гэхдээ ямар мөрөөдлийг амилуулахын тулд эхлүүлэх хэрэгтэй. Ингээд эхлээд орон нутгийн “Колона” багт элсжээ. Жилийн дараагаар Либертадедаа буцан ирлээ. Төрөлх хотынх нь нэртэй шинэ баг байгуулагдсан болохоор баярлан гүйж очсон нь тэр. Харин тэндээс нь Уругвайн хөлбөмбөгийн түүхэн дэх аугаа клуб “Насьонал” Абдон Портег авчээ.
Ядуу ажилчин айлын хүү улсынхаа толгой багуудын нэгд тоглоно гэдэг итгэхэд хэцүү цаг үе гэнэ. Тэр цагт хөлбөмбөг бол элитүүдийн буюу баячуудын хүүхдүүдийн л тоглодог тоглоом гэсэн ойлголт байв. Харин Абдон энэ ойлголтыг ханз цохиж, хайртай спортоороо амжилт гаргаснаараа зартай.
Абдоныг авснаас хойш “Насьонал” сүүлийн есөн жил гардаагүй байсан улсынхаа аваргын цомыг атгалаа. Дараа нь дөрвөн жил дараалан түрүүлэв. Энэ таван жилийн хугацаанд “Насьонал” 19 цом өргөснөөс л хичнээн их амжилт олсныг ойлгож болно. Энэ жилүүдэд өнөөх Абдон багийнхаа ахлагч болтлоо хүлээн зөвшөөрүүлж чаджээ.
Абдон Порте багийнхаа хамгаалалт, довтолгоог холбогч гол тоглогчоос гадна хамгаалалтад ч, довтолгоонд ч нэгэн адил маш үр ашигтай тоглож чаддаг байв. Орчин цагийн хөлбөмбөгт авч хэлбэл, өрсөлдөгчийн довтолгоог нурааж, өөрийн довтолгоог эхлүүлж чаддаг тийм л төгс хагас хамгаалагч байсан хэрэг.
Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн 1917 оноос Абдон Порте урьдын адил гайхалтай сайн тоглож чадахаа больж эхэлжээ. Юу нөлөөлснийг хэлж мэдэхгүй ч хөлбөмбөгч гэнэт л тааруу тоглох болов. Магадгүй гэмтэл бэртэл юмуу ямар нэгэн өвчинд нэрвэгдсэн байхыг үгүйсгэхийн аргагүй.
Өөрт нь энэ маш хүчтэй цохилт болж очлоо. Гараанд гагнаастай байсан залуу тоглогч одоо тоглолтыг дэргэдээс нь үзэхээс өөр аргагүй байдал руу дөхсөөр байв. Абдоны зан чанарын нэг онцлог нь тэр хөлбөмбөгийн тоглолтыг дэргэдээс нь харж сууж үзээгүй, үзэх ч үгүй гэж боддог.
Абдоны хувьд тун тааруу өнгөрсөн нэг жилийн сүүлчээр архаг гэмтлүүд нь улам хүчтэй зовиурлаж, өвтгөх болжээ.
1918 оны гуравдугаар сарын 4-нд Абдон “Насьонал”-ын өмсгөлтэй сүүлчийн тоглолтдоо гарлаа. Шүглийн эхний дуунаас сүүлчийнх хүртэл талбайд чадах чинээгээрээ гүйж, хичээсэн Абдон багийнхныгаа цэнгээний газар хөгжилдөхөөр ороход гараараа даллаад хайртай стадион “Гран Парк Сентраль” руугаа трамвайд суун хөдөлжээ.
Багийнхаа стадионы дэргэд очоод, харуултай нь мэндлээд дотогш орсон байна. Ингээд яг талбайн голд таг дуугүй хэсэг суужээ. Аугаа амжилтын он жилүүдээ бодсон уу, аль эсвал хайртай ээжийгээ бодсон уу, магадгүй аль алийг нь тэрхэн хэдэн эгшинд бодож амжсан л биз. Удалгүй тэр зүрхэн тушаагаа буудан, амиа хорлов. Буун дуу гарахыг хүмүүс сонссон л гэдэг юм. Гэвч үүрээр дуугарсан тэр дуун ямар учиртайг ухаж ольё гэж хэн ч бодсонгүй. Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжиллээ. Харин хэдэн цагийн дараагаар стадионы тэг дунд алдарт Абдон Порте амиа хорлож, нас барсныг олж, зарлажээ. Түүний хажууд хоёр захидал байсан гэнэ. Нэгийг нь хайрт ээждээ, нөгөөг нь хайрт клубынхээ удирдлагад зориулан бичиж үлдээжээ.
Захидлын гол утга нь үрээ алдсан ээжийг нь тойлж асраарай гэх утгатай захиас. Мөн клубын удирдлагад бичихдээ “Мөдхөн намайг чандарлаж, би үнс болж хийсэх биз ээ. Гэвч үнс тортог болж хийслээ ч гэсэн багаа эргэн дурсаж, хайрлан энэрэх болно. Өмсгөлтэй чинь талбайд гарсан мөч агшин бүрээ би хэзээ ч мартахгүй. Үүрд баяртай...” гэж бичсэн байж.
Абдон Порте ингэж 25-хан насандаа хорвоогоос одсон юм. Уругвай даяараа цэл залуухан, маш амжилтай явсан залуугийн энэ төгсгөлийг цочирдон хүлээн авсан байна. Тухайн үед мэргэжлийн хөлбөмбөгч гэх ойлголт байсангүй. Гэлээ ч Абдон хөлбөмбөгт, клубдээ дэндүү их хайртай болохоор ганц орлого олдог эмийн санчийн ажлаасаа ч гарсан байжээ. Хэвлэлүүд яахав дээ, хөлбөмбөг тоглохоо болиод ядуу тарчиг амьдралд орж зовно гэсэн сэтгэлийн шаналлаасаа болж ийм юм хийчихлээ гэж сэвж.
Гэвч зарим хүмүүс түүний сэтгэл зүрхэнд итгэсэн юм. “Миний амьдрал “Насьонал”-гүй бол ямар ч утга учиргүй. Хөлбөмбөг тоглож чадахаа больсон тэр өдөр би зүрхэндээ сум зоох болно” гэж хэлж байсныг ах нь хэвлэлд дурссан байна.
Аажим аажмаар он жил урсах тусам зарим хүмүүсийг огт байгаагүй мэт бүгд мартдаг бол харин Абдон Портег хүмүүс улам ихээр санан үгүйлэх болжээ. Талбайн төвд зүрхэн тушаагаа буудан амиа бүрэлгэсэн 25-хан настай тэр залуугийн цээжинд хэзээ ч өөр багт очиж урвагч шиг амьдрахгүй гэсэн гүн бат бодол сэтгэл оршиж байсан ч юм билүү. Мөн ганц хайрласан газраа хэрэггүй болсон тул түүнд бусад нь хэрэггүй ч болсон юм билүү. Энэ бүх бодлын гүн өдий хүртэл Абдон Портегийн дүр төрхийг 100 гаруй жилийн турш амьдруулж, амилуулсаар өдийг хүрчээ. “Насьонал” стадионыхаа нэг талыг Абдон Портегийн нэрээр нэрлэж, мөнхжүүлснийг энд дурьдах ёстой.
“Насьонал” клуб байгуулагдаад 122 жил, Абдон Порте өөд болоод 103 жил өнгөрч буй ч өнөөг хүртэл энэ багийн фанатууд төдийгүй Өмнөд Америк даяар хөгжөөн дэмжигчид түүнийг хайрлан дурсдаг хэвээр...
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх