Цэс Close

Хамба Д.Чойжамцын онцлох эшлэлээс

Д.Чойжамц: Хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөхцөлд энэ аюулт өвчнөөс ангижирна

 Д.Чойжамц: Хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөхцөлд энэ аюулт өвчнөөс ангижирна

  • Олон нийтийн сүлжээгээр аль байгаа газартаа хурал номоо хурж, олон амьтны тухайд залбирал даатгал үйлдэж байна. Лам нар Дарь-эх бурхны уншлага, Лонма жонма буюу монголчууд Навчин дээлт Дарь-эх гэдэг тэр бурхны уншлага тарнийг тоолж байна. Навчин дээлт Дарь-эх бурхан нь халдварт тахал, хижиг өвчнийг амирлуулах эрдэм үйлстэй юм. Мөн Лхам бурхныг тахих, Манал бурхны уншлага, тарни унших тэргүүтнийг Гандантэгчинлэн хийдийн харьяа дацангуудын хурал уншлаганд нэмэн оруулж, лам нар гэр, гэртээ хурж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан тул энэ цаг үед сүсэг, сэтгэлээ хичээж эх болсон амьтан бүхний тухай залбирал даатгалаа үйлдэж суух нь чухал.  
  • Манай орны хувьд урт удаан хугацаагаар үргэлжилвэл улсын эдийн засаг доройтох, ард түмний амьдрал сүйрэх том аюул нүүрлэж байгаа учир бүгдээрээ хичээх цаг иржээ. Бурхан багшийн айлдварт та өөрөө өөрийнхөө аврал шүү гэж байдаг. Хүн болгон хичээж хөл хорио болоод дэглэмээ барьж чадвал аюулт өвчнөөс аврагдана гэсэн үг.
  • Эртний мэргэд вирус буюу нян нь бидэнтэй хамт оршин байдаг гэж үзсэн байдаг. Үүний үндсэн дээр энэ вирусыг эмчлэх янз бүрийн эмчилгээний аргууд гаргасан гэсэн үг. Одоо ч гэсэн уламжлалт эмнэлгээ алдаагүй түвдүүд хуучин аргыг хэрэглэж амжилт олж байгаа нь харагдаж байна.  

Д.Чойжамц: Бурхны шашны хэлмэгдэл  ганцхан бурхан шүтээнийг устгаж, лам хуврагийг хөнөөснөөр тогтохгүй юм

  • Хэлмэгдэл гэдэг бол Монголын ард түмний нийтийг хамарсан, ихээхэн уршигтай зүйл болсон юм. Гол хэлмэгдэгсэд нь лам хуврагууд, ноёд, баячууд байсан хэдий боловч үүнтэй давхардсан давхар хэлмэгдэлт явж Монголын айл өрх болгон аав ээж, ахан дүү, хань нөхдөө алдсан том гунигт явдалд унагасан байдаг.
  • Энэтхэг, Түвд, Монголын эрдэмтдийн бүтээл болсон ном судраа устгуулж, сүм дуганд залаатай байсан бурхан шүтээн болон эд өлгийн зүйлээ хураалгаж, хэмхчүүлж сүйтгүүлсэн. Монголын уран барилгын хосгүй нандин өв болох сүм дуганаа нураалгаж асар их гарз хохиролтой тулсан юм. Эд бүгд нь Монголын ард түмэн, Монгол Улсаас гарсан хохирол байсан юм.
  • Бурхны шашны хэлмэгдэл  ганцхан бурхан шүтээнийг устгаж, лам хуврагийг хөнөөснөөр тогтохгүй юм. Монголын ард түмэн  уламжлалт зан заншил, соёл, эртнээс өвлөгдөж ирсэн сургаал ном бүгдийг үгүй хийсэн. Үүний улмаас ахас дээдсээ хүндлэх, бие биенээ хүндлэх  нь алдагдсанаас гадна уламжлалт соёл заншил, жишээлбэл уул овоо тахих, цагаан сар, наадмаа хийхдээ  мухар сүсгийн маягтай болж эхэлсэн явдал нь хэлмэгдэлтийн хорт үр нөлөө юм.
  • Хэлмэгдүүлэлт гэдэг ганц  үгнээс л гарцтай  кино, зохиол тухайн үеийн нийгмийн үзэл сурталжсан, ангич, намч, чанарын бодлогод автаж зориуд зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж хийгдсэн  урлаг, уран сайхан, зохиол бүтээл нь 1921 оноос өмнө юу ч байгаагүй мэт,  Монголын ард түмэн соёл, зан заншил, урлаг уран сайхан, уламжлал, эрдэм мэдлэг бүгд байхгүй байсан мэтээр орчин үеийн залуучуудад  ойлголт өгөх болсон.
  • Бурхны шашин нь эртний Энэтхэгийн цогт Наланда хийдийн уламжлал байгаа юм. Наланда хийдийн уламжлал нь 10 ухааны орон гэдэг асар их том ойлголт байдаг.  Үүнийг сургадаг байсан нь монголчуудын дунд дэлгэрч мэдлэг болсон юм. Энэ бүгд бараг үгүй болсон доо.
  • Ардын уламжлалт эмчилгээг бүрэн зогсоогоод, Европ эмнэлэг хүчээр оруулж, ардын эмнэлгийн эмч, эм зүйч нарыг алж хөнөөгөөд, сүүлд үлдсэн цөөн маарамба нарыг байнгын хяналтад байлгаж эмийг нь хурааж авах, хүн үзүүлэхгүй байх хавчлага явуулж ардын эмнэлэг тасрахын даваанд хүрч үлдсэн байдаг.
  • Хүрээ хийд гэдэг ганцхан хурал ном уншиж, гүрэм дором хийдэг газар байгаагүй л дээ. Дацан нь сургууль байсан шүү дээ. Цанид дацан гэж байж, энд гүн ухаан буюу дотоод ухааны номд голчлон суралцана. Зурхайн дацанд тооны ухаан буюу орчин цагийн математикт суурилан тооцоолол, гариг эрхэс, хоорондын нөлөөллийг судална. Манба дацанд эмч бэлтгэх, анагаах ухаанд голчлон суралцана. Дацангууд үүсэж үүнд шүтэж сургалт явж байсан. Сүм хийдэд боловсрол олгодог тогтолцоо байж, сүм хийддээ суралцаж гарсан хүмүүс ард түмнийхээ дунд явж энгийн иргэдэд гэрийн шавь сургалтын аргаар зааж сургаж явжээ. Энэ байдлаар монголчууд 10 ухааны номд суралцаж, ном хүртэж байжээ.
  • Сүм хийдэд хадгалагдаж байсан зүйлээс нэг сүмээс хураасан хөрөнгийг тооцоход 500 сая ам.доллар болох байж гэж тооцсон байдаг. Жишээлбэл: Егүзэр хутагтын хийд шүү дээ. 1000 гаруй томоохон сүм хийд Монгол нутагт байсан. Хэрэв эдгээр зүйл одоо хүртэл байсан бол Монгол Улсын хөгжил дэвшил, соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засагт хэрэг болох байжээ гэдгийг бид чухалчилж ойлгох ёстой юм.
  • Монгол Улсад сүм хийдийн үйл ажиллагааг жигд явуулж, хөл дээр нь босгох ажил барагтай явагдсан. Амь насыг нь хөнөөсөн, хэлмэгдүүлэн хорьсны төлөө хувь хүмүүст нөхөн олговор олгосноос сүм хийдэд нөхөн олговор ч юм уу ядаж нийгэмд үйлчлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөөгүй л байгаа. 1990 онд шашин сэргэсэн цагаас сүм хийдэд хэлмэгдлийн нөхөн олговор гэдэг юм уу тохинуулах ажил явагдаагүй. Энэ нь сүм хийдийн үйл ажиллагаа тогтвортой явагдах боломж бүрдэхгүй байгаад байна гэсэн үг.

Д.Чойжамц: Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад лам нар оролцож байсан  

  • 1921 оны хувьсгалд ч гэлээ лам хуврагууд, буддын шашинтай улсууд оролцсон. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй удирдагч нар лам байсан, бурхны шашны шүтлэг бишрэлтэй хүмүүс байсан. Түүний баталгаа нь “Шашин, төрөө аваръя” гэсэн уриатай байжээ. 1921 он хүртэл явсан ноёд, баяд, лам, харгүй бүгдээрээ Монгол Улсын төлөө зүтгэснийг энэ байдал илэрхийлдэг юм.
  •  1937 онд баригдсан лам нар, япон цэргүүдтэй хамт  Улаанбаатар хотын анхны байшингуудыг барьсан гэж өвгөн лам нар ярьдаг байсан. Улсын циркийн хамгийн алдартай жүжигчин Данзан, Содном гуай, Улаан малгайт Лувсанжамц гуай тэргүүтэн олон хүмүүс урлагт зүтгэсэн. Сүхбаатарын хөшөөнөөс авахуулаад соёлын дурсгалд дан лам нар л оролцсон. Уран Данзан гуай, уран Жамбаа гуай гээд олон хүмүүс оролцсон юм билээ. Ядамсүрэн гуай тэргүүтэй төрийн шагналт зураачид мөн л лам байсан хүмүүс байдаг.

    Д.Чойжамц: Бурхны шашин бол мэдлэг боловсрол, ёс суртахуун хоёрыг зэрэгцүүлж явдаг нь гайхамшигтай юм

  • Бурхны шашин бол мэдлэг боловсрол, ёс суртахуун хоёрыг зэрэгцүүлж явдаг нь гайхамшигтай юм. Бурхны шашин дэлгэрэх тусам нийгмийг улам бүлээрүүлж, эв нэгдэл тогтоох, энх тайвныг авч ирнэ. Нигүүлсэл, хайр, энэрлийн сургаал нь эдгээр бүгдийг хүн төрөлхтөнд өгсөөр ирж. Иймээс бид бурхны шашнаа эрхэмлэж хүүхдүүдийн суурь боловсролын дотор ёс суртахууны сургаал номуудаас оруулах хэрэгтэй.
  • Бурхны шашны ёс суртахууны сургаалд шашин, бурхан, мөргө, итгэ гэсэн ойлголт огтоос байхгүй. Өөрөөр хэлбэл хүнээ хүн болгож авахдаа шашнаа ашигла гэсэн санаа яваад байгаа юм. 
  • Шашин нь шинжлэх ухаантай хамт байж дутууг нь нөхөх хэрэгтэй гэж боддог юм. Бурхны ном хүнийг хөгжүүлэх цогц ойлголт. Бурхан багшийн айлдсан шүтэн барилдлагын онол, хоосон чанарын ухаан, энэрэл, нигүүлсэл, хүн өөрийн дотоод сэтгэлийг судалж, өөрийгөө боловсруулах арга зам нь үнэхээрийн гайхамшигтай.
  • Барууны эрдэмтэд бясалгалыг маш нарийн судалсны үндсэн дээр хэдэн арван саяараа бясалгалгадаг  боллоо. Бурхны шашнаар суурь хийж, орчин үеийн шинжлэх ухаанаар баяжуулж бясалгал хийдэг ч болж.

Далай багштай хамтарч ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн ёс зүйн сурах бичиг, сургалтын хөтөлбөр хийсэн. Энэтхэгийн сургуулиуд эдгээрийг ашиглаж байгаа, Америк ба Европын бусад улсуудад сургалтын хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх үзэл бодлууд явж байна. Үүнийг анхааран үзэж аваасай гэдгийг Боловсролын яам болоод бусад холбогдох хүмүүсд хүсэлтээ тавих байна.

  • Монголчууд эртнээсээ гар барьж мэндчилдэггүй байсан. Бид чинь гараа хамтатгаж юмуу, хоёр гарын алгыг дээш хандуулж амар мэнд, амгаланг айлтгая гэдэг байлаа. Английн ханхүү цар тахал гарсны хойно нэг арга хэмжээн дээр  эхлээд болгоомжгүй гараа барих гэж явуулснаа гэнэтхэн цочиж гараа хамтатгаж залбирч мэндчилэхэд  бусад хүмүүс нь дуурайж байгаа дүр зураг  харагдана лээ.
  • Дэлхийг удирдаж байгаа том гүрнүүдийн удирдлагууд уулзахдаа цөмөөрөө гараа хамтатгаж залбирч мэндэлж байгаа нь бидний уламжлалт мэндчилгээ хамгийн зөв мэндчилгээ болж, хамгийн орчин үеийн, хэнд ч хөнөөлгүй, сайхан мэндчилгээ болох нь батлагдаж байна. Аюулт цар тахал, коронавирусын үед уламжлалт сайхан мэндчилгээгээ дадуулж, аливаа сайхан соёл уламжлалаа өвлүүлэхийг сүсэгтэн олон, залуучууддаа уриалъя.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах