Цэс Close

ХЗБХ: Ажлын хэсэг байгуулж, энэ сард хэлэлцэх асуудлын цаглавар баталлаа

“Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжснээр баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тус ажлын хэсгийг ахлах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар ажиллана.

Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.

2024 оны нэгдүгээр сард тус Байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл; “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь Байнгын хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоол батлагдсан. Үүгээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах