Хотын дарга танилцах аяллаа түр хойшлуулж, цар тахалд анхаарал хандуулмаар байна
Сүүлийн сар гаруй хугацаанд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн бүтээн байгуулалтыг шалгаж явна. Шалгаж гэхээсээ илүү танилцсан гэж хэлж болох ч яг хотын иргэдийн амьдралтай танилцахгүй “газраас тасарцан” үг хэлээд явж байна.
Хотын даргын танилцах ажиллагааны мэдээлэл цахим орчинд цацагдах бүрт иргэдийн шүүмжлэлд өртсөөр. Арга ч үгүй биздээ. Улаанбаатар хот бүхэлдээ цар тахалд дарагдаж, өдрөөс өдөрт амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байх энэ үед Хотын дарга танилцах аялал хийсээр байх уу?
Цар тахлыг давахын тулд Хотын удирдлагууд Засгийн газар, УОК, ЭМЯ-тай хамтран ажиллах ёстой байтал нөгөө талд нь гарчихаад тэр бүү хэл зарим шийдвэрээс нь зөрөөд сууж байх гэнэ.
Уг нь цар тахлын нөхцөл байдлыг Улаанбаатар хотод хянаж байх ёстой нь УОК бус Нийслэлийн Онцгой комиссийн дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар байх учиртай. Ийм байтал төмөр зам, дагуул хот, Улаанбаатарын зөв төлөвлөлт гэх мэт том том бүтээн байгуулалт ярьж цар тахалгүй нийгэмд ажиллаж амьдарч байгаа мэт аж ахуйн асуудлыг ярьж, хэлж, шийдээд явж байгааг харахад үнэхээр ойлгоход хэцүү. Хотын даргын номер нэг шийдэх асуудал бол цар тахалын өнөөгийн нөхцөл байдал бөгөөд хотоос хамааралтай бүхий л үүргийг гүйцэтгэхийн тулд өдөр шөнөгүй ажилламаар юм.
Ерөнхийдөө хотын иргэд өвдөж, үхэх эсэх нь Хотын даргад хамаагүй хэрэг бололтой. Тиймгүйсэн бол Хотын дарга цар тахлыг дарахын төлөө мэргэжлийн байгууллагуудтай өдөр тутам уулзан, асуудал шийдлээ ярьж, хотын иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ханцуй шамлан ажилламаар байна.
Сэтгэгдэл үлдээх