Цэс Close

Хотын дарга ТА нийслэлийн иргэдийнхээ халдварыг бууруулах үйл хэрэгт анхаарна уу?

Дэлхийн бүх улс оронд тархаж 176 гаруй сая хүнд халдварлан, 3.8 сая хүнийг үхэлд хүргээд байгаа Ковид-19 хэмээх цар тахалтай улс орон бүр өөр өөрийн туршлагаар тэмцэж байна. Улс орны туршлагаас харахад Цар тахлыг даван туулах үйл хэрэг нь зөвхөн Засгийн газар, УОК, ЭМЯ, эрүүл мэндийн салбарын хариуцан хэрэгжүүлдэг, тэдэнд найдаад орхидог ажил биш гэдэг нь өдөр ирэх бүр улам ойлгомжтой болж байна.

Цар тахлыг бууруулахын тулд иргэд, ААН-үүд хариуцлагатай байхаас эхлээд  бүх шатны төрийн болон орон нутгийн, нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг оролцоо нэн чухал.

Иргэн буй дор төр буй гэдэг. Тэгвэл иргэдээ эрүүл, аюулгүй, амар тайван оршинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө төр засаг зорьж ажилладаг. 

Цар тахлын халдварын хамгийн том эрсдэл бол иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулдаг. Ялангуяа суурь өвчлөлтэй хүмүүс ковидын халдвар авах нь амь насыг нь эрсдэлд оруулдаг. Тиймээс бид бүгдээрээ хаана хаанаа хичээх хэрэгтэй байгаа юм.

Гэтэл улсын хүн амын талаас илүү хувь нь нэг дороо цугласан Нийслэл хот цар тахлын голомт болчихсон, өдрөөс өдөрт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэж, эмнэлгийн орны хүрэлцээ дутагдалтай, үхэл хагацлын тоо өссөөр байхад Хотын удирдлагууд асуудлыг Засгийн газар, УОК, ЭМЯ-д найдаж ор тас орхичихоод цар тахалгүй нийгэмд ажиллаж амьдарч байгаа мэт аж ахуйн асуудлыг ярьж, хэлж, шийдээд явж байгааг харахад үнэхээр ойлгоход хэцүү.

Зүй нь бол Хотын даргын номер нэг шийдэх асуудал бол Цар тахал баймаар санж. Тэрбээр Засгийн газар, УОК, ЭМЯ-тэй гар нийлэн оролцож Цар тахлыг даван туулахын төлөө хотоос хамааралтай асуудлыг газар дээр нь шийдэж, өдөр шөнөгүй ажилламаар юм.

Гэтэл үнэндээ нийслэлийн Засаг даргын хувьд хотын зам, дэд бүтэц, аж ахуйн ажлууд нэгдүгээрт, Цар тахал хоёрдугаарт гэж ойлгохоор ажиллах юм.

Товчхондоо бол хотын иргэд өвдөж, үхэх эсэх нь Хотын даргад хамаагүй хэрэг бололтой. Тиймгүйсэн бол Хотын дарга  цар тахлыг дарахын төлөө мэргэжлийн байгууллагуудтай өдөр тутам уулзан, асуудал шийдлээ ярьж, хотын иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ханцуй шамлан ажилламаар байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах