Хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын 238 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/07 дугаар тушаалаар батлагдсан “Салбарын алба хаагч бүрт- орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн аманд “Хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын орон сууцны хотхон” байгуулахаар барилгын ажлыг 2019 онд эхлүүлсэн.
Тус хотхоны эхний ээлжийн хоёр блок 238 айлын орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтад оруулж, алба хаагчдад түлхүүр гардууллаа.
Арга хэмжээг нээж, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав хэлсэн үгэндээ “Бид 840 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, 1300 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, спорт цогцолбор, ногоон байгууламж, 111 автомашины дулаан авто зогсоол, үйлчилгээний төв бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдсон хотхоныг барьж байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу эхний ээлжид хоёр блок 238 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байгаадаа баяртай байна. Барилгын ажлын хүрээнд 1.5 километрийн урттай, 400-гийн диаметртэй хос дулааны шугамын ажлыг хийлгэн Улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгын ажлын явцад нийт 20 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллалаа. Мөн Зайсангийн оршин суугчдыг төвийн дулаанаар хангах боломжтой болсныг онцлон хэлэхэд таатай байна” гэлээ.
Эхний ээлжийн хоёр блок 238 айлын орон сууцанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа анги нэгжийн 60 алба хаагч, Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа агентлаг, байгууллагын 178 алба хаагчийг захиалгад хамруулжээ.
Сэтгэгдэл үлдээх