Хууль бус цахим тоглоом ажиллуулсан бүлэг этгээдийн шүүх хурал боллоо
Энэ цаг үеийн электрон нийгмийн эдээ бээр болох залилагч “Арав” хочит Т.Баттулга, Г.Хүрэлсүх, Б.Одбаатар, Х.Өсөхбаяр нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.
Тэдгээр нь 2022 оны 07 дугаар 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд цахим орчинд “MGM.Casino” нэртэй мөрийтэй тоглоом ажиллуулж 294,000,000 төгрөгийн хууль бус ашиг олсон байна.
Бүлэг болон хууль бус мөрийтэй тоглоом тоглуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн уг иргэдэд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах шийтгэлийг оногдуулсан байна.
- Шүүгдэгч Х.Өсөхбаярыг нэг сая төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Г.Хүрэлсүхээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 29,600,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 8 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял,
- Шүүгдэгч Т.Баттулгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 169,505,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 8 сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял,
- Шүүгдэгч Б.Одбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 101,600,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 8 сарын хугацаанд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр болон бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж эцэслэн шийдвэрлэлээ.
Тухайн гэмт хэргийг үйлдэгч нар нь загас барих мэт эхлээд өгч байгаад тоглоомондоо донтуулан оруулдаг. Мөрийтэй тоглоомонд донтсон иргэд эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл тооцож баршгүй хор уршиг дагуулж байгааг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх