ХЭҮК-оос баривчлах байранд ажиллах алба хаагчдын орон тоо, цалин, нэмэгдэл зэргийг шийдвэрлэхэд санаачилгатай ажиллахыг зөвлөв
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих төвд 2023 оны 09 дүгээр сарын 07, 08-ны өдөр ажиллалаа.
ХЭҮК-ын гишүүний баталсан удирдамжийн дагуу 2023 оны 06 дугаар сард хийсэн хяналт шалгалтын үр дүн, түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй газар дээр танилцаж, алба хаагч, хоригдогчдын санал хүсэлтийг сонсож ажиллав.
Тус цагдан хорих байранд ажиллах үед эмэгтэй болон насанд хүрээгүй хоригдогч байгаагүй.
Комиссын гишүүний зүгээс хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг сайшаахын зэрэгцээ цагдан хорих байрны удирдлагад хоригдогчдын өрөөний ариун цэврийн хэсэг, хооллох хэрэгслийн стандартыг хангуулах, хоригдогчдын хувцас, хоолны хангалтыг нэмэгдүүлэх, цаашид баривчлах байранд ажиллах алба хаагчдын орон тоо, цалин, нэмэгдэл зэргийг шийдвэрлэхэд санаачилгатай ажиллахыг зөвлөв.
Түүнчлэн Цагдан хорих байрны ачааллыг бууруулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс давж заалдах шатны шүүх хуралдааныг шуурхай, тасралтгүй зохион байгуулах шаардлагатайг илэрхийлэв.
Мөн Комиссоос хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор хорих ял эдлээд суллагдсан иргэдтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг сонслоо.
Сэтгэгдэл үлдээх