ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 55.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байдаг
Олон улсын Хүний эрхийн өдөр, Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ хамтран Азийн сан, Австрали Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Хүний эрхийн талаар ярилцъя” арга хэмжээг 2024 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр зохион байгуулжээ.
Монгол Улсын цахим хөгжлийн бодлогын хүний эрхийн нөлөөлөл, ялангуяа цахим технологийн оролцоотой үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл, холбогдох бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй талаар санал солилцох, хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүд, ХЭҮК-ын дарга, гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, хүний эрх хамгаалагчид оролцлоо.
Технологийн хөгжил иргэдийн өдөр тутмын амьдралд давуу тал, боломжийг бий болгохын зэрэгцээ хүний эрхийн эрсдэл, сорилыг үүсгэж байна. Ялангуяа охид, эмэгтэйчүүдийг хүйсээр гутаан доромжлох, хувийн мэдээллийг нь задруулах, худал мэдээлэл түгээж, нэр хүндэд нь халдах зэрэг хүний эрхийн зөрчил түгээмэл гарч байгаагийн шалтгаан нь бодлого, эрх зүйн зохицуулалт, эрсдэлийг зохицуулах оновчтой механизм дутмаг байгаагаас үүдэлтэй юм.
Монгол Улс нь бусад улс орны нэгэн адил дижитал шилжилт хийж байгаа бөгөөд энэхүү үйл явц, технологиос үүдэлтэй хүний эрхийн нөлөөллийг хянах, сөрөг үр дүнг үнэлэх шаардлага урган гарч байна. Тиймээс Хүний эрхийн Үндэсний Комисс нь “Хүний эрх ба Технологи” олон нийтийн нээлттэй хяналт шалгалтыг технологийн мэргэжилтнүүд, төрийн байгууллагын төлөөлөл, хүний эрх хамгаалагчид, олон нийтийн төлөөлөл зэрэг олон талт төлөөллийн оролцоотой зохион байгуулж буй талаар ХЭҮК-ын Г.Нарантуяа танилцууллаа.
Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна.
Хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй байдал, тэгш бус байдал буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, хариуцлагын талаарх нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоос үүдэлтэй. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 55.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэдгийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “Гэр бүлийн хүчирхийллийн бодлого, хариуцлагын тогтолцоо” илтгэлдээ онцолж, Эрүүгийн хуулийн 7.3-т ял оногдуулахгүйгээр тэнсэх эсхүл үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болох тусдаа амьдрахыг даалгах, зан үйлийн сургалтыг Зөрчлийн хуульд оруулж хуульчлах. Зөрчлийн хуулиас хасаад Эрүүгийн хуулиар тэнсэх саналтай байгаагаа танилцуулав.
Харин хараат бус судлаач Л.Ариунзул “Технологийн тусламжтай үйлдэгддэг жендэрт суурилсан хүчирхийлэл” судалгааг танилцуулсан мэдээлэлдээ хохирогчид цогц үйлчилгээ авч чадахгүй байна. Ялангуяа хохирол барагдуулах, нөхөн олговор авах тохиолдлын хувь маш бага байна. Нээлттэй нийгэм форумаас 2016 онд хийсэн судалгаагаар “Хүн худалдаалах гэмт хэргийн” хохирогчдын ердөө 6 хувь нь шүүхээр хохирлоо барагдуулах шийдвэр гаргуулсан гэдгийг цохон тэмдэглэлээ.
Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг оновчтой тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлэх, гэр хороолол, алслагдсан дүүрэг, аймаг, сумдын ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд болон төрийн бусад албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг улсын хэмжээнд үе шаттай зохион байгуулах, зорилтот бүлгийг тодорхойлж, тандалт судалгаанд хамруулах, цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, соёлыг түгээх, хүний эрхэд суурилсан хандлагыг бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулж төлөвшүүлэх зэрэг асуудлыг хөндөж, үр дүнтэй, ажил хэрэг болгож хэрэгжүүлэхээр ярилцлаа хэмээв.
Сэтгэгдэл үлдээх