Хяналт, үнэлгээний үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо
Өнөөдөр буюу 2024.11.29-ний өдөр Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны анхдугаар хуралдаан Төрийн ордонд болж 5 үндсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ...
Хуралд Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж болон тус хорооны гишүүд болох Төрийн захиргааны төв байгууллагын удирдлагууд оролцлоо.
Тус хуралдааныг нээж Монгол Улсын сайд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр үг хэлэв. Тэрбээр, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар Хяналт, үнэлгээний Үндэсний хороог албан ёсоор байгуулсныг тэмдэглээд, бид цомхон төрийг бий болгож, иргэддээ чанар, хүртээмжтэй, шуурхай төрийн үйлчилгээг хүргэх, бизнесийн эрх чөлөөг боомилохгүй байх агуулгаар хяналт, шалгалтын зөв зохистой шийдлийг бий болгохоор ажиллаж байна гэв.
Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн захиргааны төв байгууллагууд, тэдгээрийн агентлаг, аймаг, нийслэлийн захиргааны байгууллага, бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдийн өргөдөл гомдлын дагуу хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллага гэдгийг дурдав. Төрийн байгууллагуудад үр дүнд суурилсан нэгдсэн төсөвлөлт байхгүй байна. Тиймээс төлөвлөлт, үнэлгээ, мониторингийн шинэ тогтолцоог бий болгоно гэв. Мөн салбарын хяналтын давхардлыг арилгаж байж иргэн, аж ахуй нэгжүүдэд үр дүнтэй шийдэлд хүрэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Хяналт үнэлгээний Үнэдсэний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон салбарын хэмжээнд тулгамдсан зарим асуудлын талаар хорооны гишүүдэд мэдээлэл өглөө.
Хяналт, үнэлгээний Үндэсний хороо анхдугаар хуралдаанаар “Салбарын хяналт шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа.
Сэтгэгдэл үлдээх