ХЯТАД: АНУ-д америк маягийн ардчилал, Хятадад хятад маягийн ардчилал бий
NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна.
Хятадын ГХЯ-ны вэб сайтад "Америкийн ардчиллын байдал-2022" тайланг нийтэлжээ. Тус тайланг олон тоо баримт, хэвлэл мэдээллийн шинжээчдийн санал бодлыг тусгаж, өнгөрсөн жилийн Америкийн ардчиллын бодит байдлыг системтэй цэгцтэй боловсруулсан аж.
Тус тайланд АНУ-д мөнгөний улс төр, нийгмийн задрал, баян хоосны ялгаа зэрэг асуудал улам ноцтой болж байна. Мөн Америкийн ардчиллын өвчин нь улс төр, нийгмийн бүхий л талбарт нэвтэрч үүнээс улбаалан муу засаглал, институтийн доголдлыг улам тодруулсаар байгаа талаар дурджээ. Үүгээр зогсохгүй АНУ өөрсдийн өмнө тулгамдсан олон арван асуудалтай хэрнээ ардчиллын номлогчийн дүрд тоглож, "ардчилал нь дарангуйллын эсрэг" гэсэн худал үлгэр зохиож, дэлхийг "ардчилсан ба ардчилсан бус" гэж хуваасаар байна хэмээжээ.
Харин дүгнэлт хэсэгт, "Ардчилал гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл боловч дэлхийн бүх улс оронд хэрэгжих улс төрийн тогтолцооны тогтсон загвар гэж байхгүй. Хүн төрөлхтний соёл иргэншлийг цэцэрлэгтэй зүйрлэвэл өөр өөр улс орны ардчилал олон төрлийн үзэсгэлэнт цэцэгс цэцэглэдэг газар байх ёстой. АНУ-д америк маягийн ардчилал, Хятадад хятад маягийн ардчилал бий. Бусад улс орнууд ч гэсэн өөрсдийн үнэт зүйлд нийцсэн ардчиллын өөрийн гэсэн өвөрмөц загвартай. Тухайн улс ардчилсан эсэх, ардчиллыг улс орондоо хэрхэн илүү сайн сурталчлах вэ? гэдгийг тухайн улсын ард түмэн шийдэх ёстой. Өнөөдөр манай дэлхийд хэрэгтэй байгаа зүйл бол ардчилал гэх нэрийн дор бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох биш, харин жинхэнэ ардчиллыг сурталчлах, хуурамч ардчиллыг үгүйсгэх, олон улсын харилцаанд ардчиллыг хамтдаа хөгжүүлэх явдал юм. Эрх чөлөө, ардчилал, хүний эрх бол хүн төрөлхтний нийтлэг эрэл хайгуул бөгөөд энэ нь Хятадын Коммунист Намын (ХКН) үргэлж баримталдаг үнэт зүйл юм.
Хятад улс ард түмний ардчиллыг тууштай баримталж, урагшлуулан ХКН-ын үндэсний засаглалыг хэрэгжүүлэхдээ улс орныг ард түмэн удирдах зарчмыг тодорхой арга замаар хэрэгжүүлж байгаа. Хятад улс бусад оронтой ардчиллын асуудлаар харилцан суралцаж, харилцан туршлага солилцож, энх тайван, хөгжил, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчилж, олон улсын харилцаанд ардчиллыг улам бүр ахиулж, хүн төрөлхтөнд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх