Хятад улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд ажиллалаа.
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв азийн нэгдсэн лаборатори, Монгол улсын ЭМЯ-ны харьяа ЗӨСҮТ-ийн хамтран 2022 онд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд дөрвөн байгууллагын хамтарсан уулзалт болсон юм.
Айлчлалд УНТЭ-ийг төлөөлж УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч О.Ганбат, Инженер байгууламжийн албаны дарга Ц.Сэржмядаг, Гадаад харилцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа нар оролцсон юм.
Энэ үеэр Шилийн гол аймгийн Эрүүл мэндийн хорооны дарга хэлсэн үгэндээ “Хятад, Монгол хоёр орон уул, ус залгаа орнуудын хувьд олон жилийн турш найрсаг харилцаатай байсаар ирсэн. Бүс ба зам санаачилга тасралтгүй ахиснаар хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, манай аймгийн Нэгдсэн эмнэлэг Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЗӨСҮТ-тэй олон удаагийн айлчлал, солилцооны үйл ажиллагаа явуулсаар байна. Цаашид хоёр тал харилцан айлчлал, эрдэм шинжилгээний солилцоо, техникийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил, ахиц дэвшилд тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлсэн юм.
Талууд мэс засал, хавдар судлал, дотрын өвчин, судсан доторх оношилгоо эмчилгээ, хятадын уламжлалт анагаах ухаан зэрэг чиглэлээр урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хүндрэлтэй тохиолдлуудыг хэрхэн шийдвэрлэх, алсын зайн төлөвлөгөө гаргах чиглэлээр санал солилцов. Түүнчлэн Монгол улс дахь бэтэг өвчний тархалтыг хянах, урьдчилан сэргийлэх, хянах талаар зөвлөлдлөө.
Сэтгэгдэл үлдээх