Цэс Close

Хятад улс Казахстаны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ илэрхийлжээ

Даваа гарагт Астана хотод Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И нар уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцжээ.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр “Хятад улс нь тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Казахстаны хүчин чармайлтыг тууштай дэмжих”-ийг Ван И батлан илэрхийлсэн байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин өөрийн баруун хойд хөрштэй холбоотой ижил утга агуулга бүхий мэдэгдлийг хэд хэдэн удаа хийгээд байгаа.

“Хятад улс ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын санаачилсан хөгжлийн хэд хэдэн стратеги, чухал арга хэмжээг дэмжиж, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн аливаа гаднын хүчний эсрэг тууштай зогсох болно” гэж Ван И мэдэгджээ.

Ажиглагчид үүнийг Бээжингээс ОХУ-ын эрх баригчдад өгсөн сануулга гэж үзэж байна.

2022 оны эхээр Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлсэн цагаас хойш Казахстаны газар нутгийг тойрсон маргаан Оросын улс төр болон хэвлэл мэдээллийн хүрээнд идэвхтэй хөндөгдөх болсон юм.

Ерөнхийлөгч Токаев энэ өдөр бас ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзсан юм байна.

Ван Итэй уулзах үеэрээ Токаев “Хятадын дипломат бодлого дэлхий дахины үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна. Казах-Хятадын харилцааны ирээдүй онцгой ач холбогдолтой” гэж хэлснийг Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт Казахстаны нийслэлд чуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Xinhua News

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах