Хятад эрдэмтэн ЮНЕСКО-ийн "Альфозан" шагнал хүртжээ
Хятадын Шинжлэх ухааны академийн Сээр нуруутан амьтдын палеонтологи ба палеоантропологийн хүрээлэнгийн судлаач Фү Чюмэй 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Парис хот дахь ЮНЕСКО-ийн төв байранд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарын шилдэг залуу эрдэмтдэд олгодог ЮНЕСКО-ийн "Аль Фозан" олон улсын шагнал гардан авчээ. Шагналыг эртний геномоор дамжуулан Евроазийн эртний популяцийн генетикийн түүхийг судалж, хувьслын үүднээс хүний эрүүл мэнд, дасан зохицох чадварын талаарх хийсэн түүний шинэ нээлтийг үнэлж олгожээ.
Фү Чюмэй урт хугацаанд судалгаа хийж, эртний ДНХ-ийн хүрээнд хүний гарал үүсэл, хувьслын шинжлэх ухааны асуудлуудыг судалсаар ирсэн байна. Олон улсын палеогенетикийн салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг болсон тэрээр дэлхийн 2500 нэр дэвшигчээс шалгарч нэр хүндтэй энэ шагналыг хүртсэн анхны Хятад эрдэмтэн болж байгаа юм.
Энэ жилийн "Аль Фозан" шагналыг бас Камеруны Абдоун Атангана, Египетийн Хишам Омран, Сербийн Елена Владич, Аргентиний Федерико Ариэл нарын дөрвөн залуу эрдэмтдэд олгожээ. Тэд математик, хагас дамжуулагч чип, микроэлектроникийн дизайн, ногоон инженерчлэл, хөдөө аж ахуйн биотехнологийн салбарт шинийг бүтээсэн эрдэмтэд болно.
Сэтгэгдэл үлдээх