Цэс Close

Хүний эрх гэх халхавчийн дор хэний эрх ашиг байна вэ

Казах иргэдийн эрх ашгийг хамгаалах “Атажурт” хөдөлгөөний идэвхтэн, өдгөө АНУ-д амьдарч буй Серикжан Билаш сүүлийн үед Мухтар Аблязовын YouTube сувгаар байнга гарах болов. Билаш  “Атажурт” хөдөлгөөний тэргүүн бөгөөд Шинжаан Уйгарын автономит дүүрэгт төрж өсөөд хожмоо Казахстаны иргэн болсон аж. Тэрээр Хятадад оршин суудаг казах иргэдийн эрхийг хамгаалдаг гэдгээрээ алдартай юм. Харин Мухтар Аблязов нь Казахстаны татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж, түүний ачаар нэр хүндтэй болсон бөгөөд өдгөө өөрийн YouTube сувгаараа дамжуулан Казахстаны эрх баригчдын тухай өдөөн хатгасан мэдэгдэл хийж амь зогоодог.
Өөрөөс нь илүү алдар нэртэй хэдий ч бас нэр цэвэр бус сөрөг хүчний этгээдийн ачаар өөрийн сувгийг сурталчлах гэсэн оролдлого нь Аблязовын рейтингийг төдийлөн өсгөхгүй. Билаш, Аблязовын аль аль нь "Ерөнхийлөгч Токаев бол Путины утсан хүүхэлдэй, учир нь бидэнд тийм юм шиг санагдаж байна, гэхдээ бидэнд нотлох баримт байхгүй" гэсэн утгагүй зүйлийг хэлдэг ч Билаш Аблязовоос ялгаатай нь ядаж казах хэлээр мэдээллээ цацдагт оршиж байна.
Билаш БНХАУ дахь казах угсаатны эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг бөгөөд дээр дурдсанчлан тэрбээр Хятадад төрж өссөн. Түүний үүсгэн байгуулсан хөдөлгөөнийг иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэгч гэж үзэн Европын олон хэвлэлүүд тус байгууллагыг Шинжаан дахь нөхцөл байдлын талаарх мэдээллийн гол эх сурвалжийн болгодог байв. Эрүүгийн хэрэгт удаа дараа холбогдож байсан Билаш Казахстаны хууль сахиулах байгууллагаас нуугдах, оргон зайлах оролдлогыг нэг биш удаа хийж байсан. “Атажурт” хөдөлгөөнийг хэн ивээн тэтгэж, ямар зорилго тавьж байгаа нь тодорхойгүй.
Серикжан Билаш 2008 онд Шинжаан Уйгарын Өрөмчид гарсан визний асуудлын талаар ярьж анх олны хараанд өртөж байсан бөгөөд тэрбээр тухайн үеийг ашигтай боломжоо гэж олж харж, үүнийг овжиноор ашигласан юм. Тухайн үед Өрөмчид амьдарч байсан казахуудын зүгээс Казахстаны Консулын газарт Билашийн эсрэг өргөдөл гомдол ирүүлсэн.
Казахстаны иргэдийн эрхийг хамгаалах “Атажурт” хөдөлгөөн 2019 онд Казахстаны өмнөд хэсэгт байрлах Алматы хотод үүрээ засав. Тус хөдөлгөөний үйл ажиллагаа, зорилгод эргэлзсэн иргэдийн зүгээс өргөдөл, гомдол тасрахгүй ирж эхлэв. Хятадад төрж өссөн Билаш казахуудын эрх ашгийн төлөө тэмцэж байгаа дүр үзүүлдэг хэдий ч яг хэний талд ажиллаж байгаа нь тодорхойгүй байна. Тийм ч учраас түүнд аль нэг улсад үнэнч байх тухай асуудал дээр хариултаас илүү олон асуулт байгаа байх.
“Атажурт” хөдөлгөөн улс төрийн шалтгаанаар эрүүгийн хилс хэрэгт татагдсан БНХАУ-ын казах үндэстний нэрсийн жагсаалтыг Казахстаны талд хүлээлгэн өгсөн. Гэсэн хэдий ч тус жагсаалтад нэр нь дурдагдсан ихэнх хүмүүс эрүүгийн зүйл ангиар ял шийтгүүлсэн, зарим нь олны танил хүмүүстэй ижил төстэй овогтой хүмүүс байсан нь тогтоогджээ.
Үүний улмаас Казахстан, Хятад хоёр улсын хооронд “үл ойлголцол” үүсч, үүний дараа Бээжин Хятад дахь казах үндэстний асуудлыг үнэнд үл нийцэх байдлаар хэтрүүлэн мэдээлж байна хэмээн дургүйцлээ илэрхийлэв.
Шинжааны асуудлаарх дээрх "үл ойлголцол"-ыг үүсгэх нь хэнд ашигтай вэ?
Билашийн байгууллага нь хүний эрхийн нэрийн халхавчин дор үйл ажиллагаа явуулдаг хэдий ч үнэн хэрэгтээ хоёр орны улс төрийн байдлыг тогтворгүй болгох зорилготой хэмээн олон шинжээчид үзэж байна. Тэрбээр өдөөн хатгасан, баримт, нотлох баримтаар нотлогдоогүй ташаа мэдээлэл тараах, хоёр орны иргэдээс хуурамч мэдээлэл авахын тулд авлига өгөх, хоёр улсын иргэдийн дунд мөргөлдөөн дэгдээх зорилго бүхий мэдэгдлүүд хийдэг.
Хэд хэдэн байгууллага түүнийг 2019 онд үндэстэн ястны хооронд мөргөлдөөн өдөөхийг хичээж байна хэмээн буруутгасан нь гайхмаар зүйл биш юм. Гэсэн хэдий ч ямар нэгэн байдлаар, магадгүй танилын нүүрээр тэрбээр долоон жилийн хорих ялын оронд 110,000 тенге өгөх торгууль төлөх шийтгэлээр шоронгийн ялаас зугтаж чадсан билээ.
Шүүхээс түүнийг долоон жил аливаа хөдөлгөөн, олон нийтийн байгууллагыг удирдахыг хориглосон ч баттай эх сурвалжийн мэдээлснээр Билаш өөрийн үүсгэн байгуулсан хөдөлгөөнөө одоог хүртэл удирдаж байгаа хэвээр аж.
2020 онд Казахстаны эрх баригчид Серикжан Билашийн “Атажурт” хөдөлгөөнийг хууль бус гэж хүлээн зөвшөөрч, Хятад, Казахстаны харилцаанд сэв суулгасан мөн, үндэстэн ястан хооронд мөргөлдөөн үүсгэх гэж оролдсон гэх зүйл ангиар түүнийг баривчилжээ. Гэсэн хэдий ч хууль хүчний байгууллагаас зугтаж тэрбээр гэр бүлийн хамт эхлээд Турк, дараа нь АНУ руу очсон.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Атажурт” хөдөлгөөн Алматы хотод төв байраа дахин нээв. Мөн оны нэгдүгээр сарын эхээр Казахстанд болсон эмгэнэлт үйл явдлын дараа хүнд нөхцөлд байгаа хүмүүсийн зовлон дээр “тоглох” шинэ боломж гарч ирсэн гэж тэрбээр харсан байх. Иргэд эрх баригчдын буруутай үйлдлийн улмаас хэрхэн хохирсон талаар нэгдүгээр сарын үйл явдлын дараа хуурамч мэдэгдэл гаргаж, мэдээлэл цацахыг Билашийн дэмжигчид энгийн иргэдээс хүсэж байв. Үүний тулд иргэдэд ихээхэн хэмжээний мөнгө амлаж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон юм.
Дүгнэж хэлэхэд, хүний эрхийн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллагуудын зорилго үнэн хэрэгтээ тийм ч ил тод байдаггүй бөгөөд "хүний ​​эрх" гэсэн халхавчин дор эмзэг бүлгийн иргэдийн эрх жинхэнээсээ хамгаалагдаж байна уу эсвэл сонирхогч бүлгийн эрх ашиг яваад байна гэдгийг мэдэх нь чухал юм.

Г.ТӨГӨЛДӨР

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах