Цэс Close

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт 43.8 хувийн биелэлттэй байна

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг өчигдөр /2023.06.27/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар болон УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч 35 байгууллагын 50 гаруй холбогдох албан тушаалтнууд оролцож, сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, санал солилцлоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дарга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын тайлангаас дүгнэхэд зарим арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй  байна. Энэ нь эдгээр арга хэмжээний үр дүнд тавигдах шалгуур үзүүлэлтийг тоогоор буюу чанарын үзүүлэлтээр тодорхойлоогүй, жилийн хүрэх түвшин тодорхойгүй байгаатай холбоотой байгаа юм. Одоогийн байдлаар төлөвлөсөн арга хэмжээнүүдээс 8 ажил бүрэн хэрэгжсэн, 28 ажил 70 хувиас дээш, 68 ажил 30 хувиас дээш, 7 ажил огт хэрэгжээгүй, 3 ажил хэрэгжих хугацаа нь болоогүй, нийт дүнгээрээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар гарсан УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт 43.8 хувийн биелэлттэй гэсэн дүн гарч байна. Цаашид хөрөнгө оруулалтын зээлээр хэчнээн бүтээн байгуулалт хийгдэж, техник, технологи нэвтэрч, эргэлтийн хөрөнгийн зээлээр хэчнээн тоо, хэмжээний бүтээгдэхүүн шинээр болон нэмэлтээр үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдсэн эсэхийг бодитоор тайлагнаж, ажиллахыг холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай. Тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс 2023 он гарснаас хойш 1000 гаруй баялаг бүтээгч нартай уулзаж, 2 удаагийн томоохон хурал зөвлөгөөн хийлээ. Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит шийдвэр гаргах  зорилгоор 61 үйлдвэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, баялаг бүтээгч нарын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд 400 гаруй оролцогч бүхий танилцах 7 удаагийн тур аялал, төрийн 11 байгууллагатай хамтран 8 удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Олон улсын байгууллагуудын судалгаа, дүн мэдээгээр цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр цаашид дэлхийн 8 тэрбум хүний хүнсний хангамж, аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсаар байна. Иймд бид бүхний өмнө хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилтот ажилтай зэрэгцэн яаралтай, оновчтой, тодорхой шийдвэр гаргах, эрсдэлийг давах зэрэг олон шалгуурт ажлууд гарч болзошгүй гэдгийг анхааран олон улсын хүнсний хангамж, уян хатан нийлүүлэлт, аюулгүй байдлын тогтолцооны бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаатай мөр зэрэгцэн ажиллах нь чухал байна гэв.

Өмнөх 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн уулзалтаар УИХ-ын 36 дугаар тогтоолыг эрчимжүүлэх, оролцогч талуудын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийн сахилга батыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон бол энэ удаагийн 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаар,

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын эхний жилийн /2022.06.17-2023.06.17 хүртэлх/ хэрэгжилтийн явц,
  2. 36-р тогтоолыг эрчимжүүлэх зорилго бүхий 2023 оны Монгол Улсын Их Хурлын түр хорооны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 63 дугаар тогтоолын төлөвлөлт, хэрэгжилтийн явцын талаар холбогдох газрууд мэдээллээ танилцуулж, ярилцлаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 7 яам, 14 газарт хамаарах 5 чиглэлийн 114 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг хийсэн байна. Харин Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас 13 хувийн хүүгийн дэмжлэгийг хариуцан төлж, банкны эх үүсвэрт тулгуурлан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар олгох юм.

Эдгээрээс мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3 тэрбум төгрөг, газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөг, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн зээл буюу нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ онцолж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 107 дугаар тогтоолоор батлуулж, 19 чиглэлийн үйлдвэрийн нийт 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн нь үндсэн тогтоолыг бодитоор хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болж байгааг тэмдэглэлээ.

Зөвлөлдөх уулзалтадр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй ажлын явц”-ын талаар тус яамны газрын дарга Ц.Болорчулуун, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн явц”-ын талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар мэдээлэл хийв. Мөн “Тогтоолыг хэрэгжүүлэгч яамдын төлөвлөлт, хэрэгжилт”-ийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр, “Тогтоолын хэрэгжүүлэгч байгуулагуудын төлөвлөлт хэрэгжилт”-ийн явцаас Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Т.Төмөртөмөө, Гаалийн  ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, “Бусад төрийн байгууллагын төлөвлөлт, хэрэгжилт”-ийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар тус тус танилцууллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зөвлөлдөх уулзалтыг хааж үг хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд

1. "Тэрбум мод",

2. "Эрүүл монгол хүн",

3. "Хүнсний хувьсгал" гэсэн үндэсний хөдөлгөөнүүд өрнүүлж, санал санаачилга гарган ажиллаж байгаа. Эдгээр нь Монгол Улсын хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй салбарууд. Тийм учраас эдгээрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн байгууллагууд хэрэгжилтийг бодит ажил болгохын төлөө онцгой анхаарч, хоорондоо ажлаа нягт уялдуулан ажиллах ёстой. Ажлын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Хэн ямар ажил хийж байгаад байгын хяналт тавиад явна. Засгийн газрын түвшинд ч "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хагас жил тутам ажлын тайлан гаргаад явах болсон. Шаардлагатай бол ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай тухай бүр хариуцлага тооцоод явна гэдгээ Засгийн газраас илэрхийлсэн. Мөн "Хүнсний хувьсгал" хийхэд шаардлагатай хууль, эрх зүйн шинэчлэлүүдийг яаралтай хийхээр ажиллаж байна гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах