Цэс Close

Хүрэн баавгайг хоёр бамбаруушны хамт агнасан хэрэг Хэнтий аймагт гарчээ

Хүрэн баавгайг хоёр бамбаруушны хамт агнасан хэргийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн "Б" нь энэ оны дөрөвдүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгайг, хоёр бамбаруушны хамт агнажээ.

Улмаар бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж байсныг алба хаагчид шалгалтын ажиллагаагаар илрүүлсэн аж.

Иргэн "Б" нь нас бие гүйцсэн эх баавгайг галт зэвсгээр буудаж, төрөөд сар болоогүй хоёр бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Гэмт этгээд өмнө нь Эрүүгийн хуулийн 100, 239 дүгээр зүйл ангиудаар гурван удаа ял шийтгэгдэж байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан хүрэн баавгайн гурван ширхэг нойтон арьс, доньд зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Ан амьтны экологи - эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар хүрэн баавгайг эр, эмээс нь хамаарч 6,500,000-7,500,000 төгрөгөөр үнэлдэг байна.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 42,000,000 орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах