Цэс Close

Хүүхдийн хорт хавдарт шаардлагатай 35 нэрийн эм үнэ төлбөргүй авна

Монгол Улс хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурсан байна. ДЭМБ-аас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсын хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачилгыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргажээ. Тус санаачилгын хүрээнд ДЭМБ-аас нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх юм.

Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улсаас зөвхөн Монгол Улс сонгогдсон байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53.1 хувь нь хөвгүүд, 46.9 хувь нь охид байжээ. Олон улстай харьцуулахад манай улсын хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн тохиолдол өндөр бөгөөд ихэнх хувийг цусны төрлийн хорт хавдар эзэлж байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үг хэлэхдээ “Манай улсад жилд 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогддог таагүй мэдээлэл байна. Тархины хорт хавдартай хүүхдүүдийн тал хувь нь, цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь анх оношлогдсоноос хойш тав буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байгаа юм. Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас бүрэн гүйцэт эмчилгээ хийлгэж чадахгүй байна.

Иймд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмж тэр дундаа эмийн чанар, хүртээмжийг сайжруулахад ЭМЯ-наас анхаарч хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээ, чанар хяналтыг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, манай улсад зонхилон тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын эмчилгээ оношилгооны удирдамжийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилсэн. Мөн эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдийн сургалт зохион байгуулах бэлтгэлийг хангалаа. Энэ санаачилгад нэгдсэнээр ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ-д түшиглэн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай 35 нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй авч хүүхдүүдийн эмчилгээнд зориулах арга хэмжээ авна” гэжээ.

Харин ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Дэлхий дахинд хорт хавдрын эсрэг эмийг өвдсөн хүүхдүүдэд хүргэнэ гэдэг том сорилт болж байна. Эдгээр эмийг ихэнхдээ насанд хүрсэн хүнд зориулж үйлдвэрлэдэг учраас хүүхдийн эмийн хүртээмж муу байдаг.

Монгол Улсыг Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орохыг сонгосон. Учир нь Эрүүл мэндийн яамны манлайлал дор Засгийн газар бэлтгэлээ сайн хангасан.Энэ хөтөлбөрөөр ганцхан эм нийлүүлээд зогсохгүй Монгол Улс эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, хорт хавдраар өвдсөн хүүхдүүдийг эрт илрүүлэх, эмчлэх эрмэлзэлтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах