"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг холбогдсон нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2026.02.10) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эхэлсэн ч зарим өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг энэ оны гуравдугаар сарын 2-ний өдрийг хүртэл хойшлууллаа. Энэ талаар шүүхээс дараах мэдээллийг гаргасан байна.
Шийдвэрийн дугаар: 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр №54
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шүүхийн процесс тойм: №01
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Хөгжлийн банкны” гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт товлон зарласан.
Гэвч тус шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Байгальмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгаанаар, шүүгдэгч П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Г.Батдорж, Г.Одонтуул нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан нар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагаас эхэлсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа шалтгаанаар тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, түүнийг нотлох баримтуудын хамт ирүүлсэн байх бөгөөд уг хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн болно.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар
Сэтгэгдэл үлдээх