Цэс Close

Хөгжлийн банкны шүүх хурлыг Улаанбаатар чуулгын байранд хийнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журмыг баталжээ. Олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг хийх танхимын зай талбай хүрэлцээгүй байгаагаас шалтгаалан шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрх зөрчигдөх эрсдэл үүсдэг. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу дээрх журмыг баталсан байна. Ингэснээр иргэдэд шүүхийг ойртуулах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх боломж бүрдэж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Улсын хэмжээнд анхан, давж заалдах шатны шүүхийн 41, тамгын газрын 47 байр, 130 гаруй шүүх хуралдааны танхим бий. Эдгээр танхимд жилд дунджаар 81.000, нэг сард 6750, өдөрт 302 шүүх хурал болдог аж. Шүүх хуралдааны танхимын талбайн хэмжээ нийслэлд дунджаар 32.25 м.квадрат байгаа бол орон нутагт 48.13 м.квадрат байна. Хуралдааны танхимыг багтаамжаар нь авч үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12,5 м.квадрат буюу хамгийн жижиг талбайтай. Харин нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх 234 м.квадрат, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 102 м.квадрат буюу хамгийн том талбайтай аж. Тус танхимуудад хамгийн ихдээ 100 хүртэлх тооны оролцогчтой шүүх хуралдааныг зохион байгуулах боломжтой аж.

Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журмыг батлах болсон бас нэг үндэслэл шаардлага нь Хөгжлийн банкны шүүх хуралтай холбоотой юм. Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг оролцуулсан эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 15-ны 09:00 цагт Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулна. Энэхүү хурлаас өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журмыг баталлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах