Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалт, аудитын дүгнэлтийг шинжлэн судалж байна
УИХ-ын 2020 оны 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.02.06) эхэллээ. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн “Нотлох баримтыг сонсох” гэсэн 45 дугаар зүйлийн дагуу сонсгол зохион байгуулагдах бөгөөд энэ сарын 06-08-ны өдрүүдэд үргэлжилнэ гэдгийг УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав.
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар “Сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэн танилцуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн сонсголын ирцийн мэдээллийг танилцуулав.
Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас нотлох баримтыг шинжлэх судлах сонсголд оролцуулахаар урьсан албан тушаалтнууд бүгд өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн хуулийн дагуу төрийн бус болон олон нийтийн байгууллагын төлөөллийг урьж оролцуулах зохицуулалтын дагуу Цогц хөгжлийн үндэсний төв, Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, mpa.mn зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгааг танилцууллаа. Гурван өдөр үргэлжлэх сонсголын үйл ажиллагаанд Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд оролцох бөгөөд Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа, Эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбек, Бизнес, төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга С.Мөрөн, Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Амгалан болон холбогдох албан тушаалтнууд ирсэн байгааг Ж.Лхагвасүрэн дарга танилцуулсан. Мөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодном, “Ди Би эм ассет менежмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбат нар өнөөдрийн сонсголд уригдан оролцож байгаа аж. Энэ өдрийн сонсголд нийт 63 гэрч, эхний асуудалтай холбогдуулан 31 гэрч дуудагдсан байна. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр нотлох баримтыг шинжлэх судлах сонсголын дараалал, дэгийг танилцуулсан юм. Эхлээд Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэнэ. Дараа нь Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүд буюу АСЕМ-ын автобусны түрээс, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Баруун Баян Транс ХХК, МСМ групп ХХК, Жамьяан пайтан ХХК, Түмэнжинчин ХХК, Сопрэмакс ХХК, Дарханы арьс ширний цогцолбор ОНӨХХК, Засагт хаан ХХК-д олгосон зээлүүдийн асуудлыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлах юм байна. Энэ удаагийн сонсголоор хэлэлцэх гурав дахь багц асуудал нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн байх аж.
Түр хорооны хоёр дахь шатны сонсгол гурван өдөр үргэлжлэх бөгөөд ирц эхний өдрийнхөөрөө тооцогдох юм байна. Сонсголд оролцогч бүр парламентыг хүндэтгэх, дэг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээж байгааг Б.Энхбаяр гишүүн танилцуулж, дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага, сонсгол даргалагчийн үүрэг гэх зэрэг дэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Ийнхүү Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэлж, Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнгийн талаарх нотлох баримтыг судалж эхэллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн гэрчүүдийн ирцийг танилцуулж, дээрх сэдвийн хүрээнд хийсэн шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан. Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны гишүүд шинжээчийн дүгнэлт болон сонсголд дуудагдсан гэрчүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар мэдээлэл авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх