Цэс Close

Х.Ариунаа: Өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хэрээр эмч ажилчид маань ядарч туйлдаад, цөхөрч байна

"Олон улсын эмч нарын өдөр" өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан "Цар тахал ба цалин хөлс" сэдвийн хүрээнд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. 

Цар тахлын үед голомтот ажиллаж буй эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа тул мэдээлэл өгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдээллийн эхэнд онцлов.

Шаардлагын тухайд:

  1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
  2. Илүү цагийн хөлсийг олгох асуудлыг нэн даруй шийдвэрлэж, ялгаварлалгүй олгох гэжээ. 

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа: Цар тахалтай тэмцэн ажиллаж байгаа ажилтнуудын эрх зөрчигдөж, ачаалал нь ихсэж байна. Бид өнөөдрийг хүртэл нэг ч удаа гомдоллоогүй. Сүүлийн өдрүүдэд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж, эмч ажилчид маань ядарч туйлдаад, цөхөрч байна. Хурдан хугацаанд эмч, сувилагч, ажилчдын цалин хөлсийг нэмж, илүү цагийн хөлсийг нь ялгаварлалгүй олгох хэрэгтэй байна. Хэдийгээр цар тахлын үед энэ салбарынхан хууль дүрмээ даган, тангаргаа биелүүлж ажиллах ёстой ч нөгөө талд цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй хэцүү байна шүү дээ. Цаг наргүй ажиллаж, бие махбодь нь ч ядарч, сүүлдээ өөрсдөө өвчилж байна. Өнөөдөр их эмчийн дундаж цалин ₮750-850 мянга, сувилагчийнх ₮670-720 мянга, эрүүл мэндийн ажилтных ₮470-500 мянга бөгөөд салбарын нийт ажилтнуудын 90 орчим хувь нь цалингийн зээлтэй. Тэгэхээр цалингаас 26% НДШ-д, банкны зээлд үлдсэн мөнгөнөөс нь авчихаар ₮20-30 мянган үлддэг. Бодит байдал үнэхээр хэцүү болж байна. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын асуудал бус 3.2 сая монгол хүний амь настай холбоотой асуудал

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун: ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид жил гаруйн хугацаанд голомтод ажиллахдаа цалин хөлсийг нэгдүгээрт тавьж ажиллаагүй. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс сурсан мэдсэн зүйлээ ашиглая гэж зорьж, бүх хүчээ шавхаж ирлээ. Манай улс вакцинтай золгосон учир бид өнгөрсөн долоо хоногоос эхлэн цалин хөлсний асуудлаар дуугарч эхэлсэн юм. Иймд буцалтгүй тэтгэлгийг хуулийн дагуу олгож өгөхийг хүсэж байна. Түүнчлэн илүү цагийн мөнгийг голомтоос гараад ирэхэд нь өгдөг байх хэрэгтэй. гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах