Х.Ганхуяг: Жуулчдад зориулсан ан амьтны дуудлага худалдаагаар олсон орлогын 80 хувь нь аймаг, сумдаа үлдэнэ
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн гол концевц юу вэ?
-Ерөнхийдөө энэ хуулиар аялал жуулчлалын салбараа хэрхэн яаж дэмжих вэ гэдэгт л голлон анхаарсан. Салбарууд хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүтцийг хэрхэн бий болгох, хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллах зэрэг аялал жуулчлалын бүсийн зохицуулалтууд ч орж ирж байна. Жишээлбэл, гадны жуулчид НӨАТ-ын буцаалтаа авдаг байх, дотоодын нислэгийн тийзний үнэ өртгийг бууруулах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар албан ёсоор энэ хуульд оруулж өгч байгаа юм. Түүнчлэн аялал жуулчлалын дэд бүтцийн асуудал хөндөгдөж байна. Бидний хөнддөг асуудлуудын нэг бол ариун цэврийн байгууламж байдаг. Үүнийг ч хуульдаа зохицуулахаар орж ирсэн. Тусгай хамгаалалттай газар отоглох цэг дээр хогийн нэгдсэн менежменттэй байх, ариун цэврийн байгууламжтай байх зэрэг асуудлуудыг тусгаж байна.
-Энэ хуулийг дагаж Аялал жуулчлалын сан байгуулах талаар яригдаж байсан. Энэ хэвээрээ юу?
-Засгийн газраас аялал жуучлалын сан байгуулахаар хуульд тусгаж оруулж ирсэн. Ажлын хэсэг дээр сан байгуулах шаардлагагүй гэж үзэн хассан.
-Хил орчмын аялал жуулчлал манайд илүү өгөөжтэй байдаг талаар судалгаа байдаг. Хил орчмын аялал жуулчлалыг хэрхэн зохицуулах вэ?
-Манай улсад хамгийн их жуулчин ирж байсан үе 2019 он буюу 500 мянган жуулчин ирсэн байдаг. Энэ нь Монгол Улсын эдийн засагт 200 гаруй сая ам.долларын орлого оруулжээ. Тэр дундаа 500 мянган жуулчны 300 мянга нь хил орчмын аялал жуулчлал байдаг. Тиймээс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ маршрутыг нь гаргах, суурьшлын бүсүүдийг бий болгох, дэд бүтцээ төлөвлөх шаардлага үүснэ. Аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөөг гаргана гэсэн үг л дээ. Засгийн газар 2040 он гэхэд 10 сая жуулчин авчирна гэж төлөвлөсөн. 2040 он хүртэл 10 сая жуулчин татахын тулд ямар ажил хийх үү, ямар дэд бүтэц бий болгох уу гэх зэргээр ерөнхий төлөвлөгөө гаргах ёстой. Ерөнхийдөө шинэ нисэх 1,5 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай. Түүний 500 мянга нь дотоодын зорчигч байдаг. Тэгэхээр өнөөдрийг хүртэл дээд талдаа 1 сая хүнд үйлчилж байна. 1 сая жуулчинг шинэ нисэхээр хүлээж авах боломжтой гэсэн үг. Бас нэг анхаарах асуудал бол дотоодын нислэг. Энэ төрлийн нислэг гадаадын нислэгээс үнэтэй болчихоод байна. Тэгэхээр 10 сая жуулчин хүлээж авахын тулд терминал 2,3-аа барих уу, эсвэл хуучин нисэхээ ашиглах уу гэдгээ одооноос ярьж эхлэх хэрэгтэй. Шаардлагатай байгаа онгоцны буудлуудаа төр хувийн хэвшлийн түншлэлүүдээр хийж болно. Түүнчлэн аялал жуулчлалын бүсүүдээ хаана тогтоох юм. Түүн дотроо дэд бүтцийг нь төр өөрөө хариуцаж бий болгох ёстой. Орон зайн төлөвлөгөөг хөгжлийн хуульдаа суулгаж өгөх ч шаардлага үүсч байна. Аялал жуулчлалын дэд бүтэц төр, хувийн хэвшлийн түншлэлээр оруулж байна. Энэ бүхэн тодорхой болчихоор гадаадын зээл тусламж авахдаа хаана хөрөнгө оруулах нь тодорхой болно. Төсөвт алийг нь тусгах уу гэдэг ч тодорхой болгоно. Нэг үгээр хэлбэл, татах гэж байгаа жуулчны тоогоо дэд бүтэцтэйгээ уялдуулан ерөнхий төлөвлөгөө гаргана гэж хэлж байгаа юм.
-Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-Энэ хууль батлагдвал эхнээсээ ажлаа хийгээд явна. Засгийн газар 34 орныг визгүй болгосон. Түүнчлэн гадаадын нислэгийн тоо болон чиглэлүүдийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар ажиллаж байна. Үүнийг дагаад казиногийн хууль, морин тойруулгын хууль орж ирнэ. Энэ хууль батлагдчихвал казино, морин тойруулга хаана байх юм. Үүнийгээ дагаад аялал жуулчлалын бүстэйгээ уялдуулах асуудал үүснэ. Замын-Үүд дээр чөлөөт бүс байгуулчихсан. Тэнд дэд бүтцээс эхлээд бүгд байгаа ч хоосон байна. Энэ хуулиа баталчихвал энэ хуулиар ариун цэврийн байгууламж байгуулахдаа хялбаршуулсан журмаар газруудынх нь зөвшөөрлийг олгодог болгоё. Богинохон хугацаанд зөвшөөрлийг нь олгоод гол магистрал зам дагуух газруудад нь ариун цэврийн байгууламжуудыг байгуулах эрх зүйн орчныг бий болгоно. Гол орж байгаа өөрчлөлт нь тусгай зориулалтын ан буюу жуулчдад зориулсан ан амьтныг дуудлага худалдааны зарчмаар явуулахаар Зөвшөөрлийн хуульд орчихсон. Түүнийг процессжуулж байна гэсэн үг. Дуудлага худалдаанаас орсон орлогынх нь 40 хувь нь сумдаа, 40 хувь нь аймагтаа ордог гэсэн үг. Жишээлбэл, аргал ыг 30-аад мянган ам.доллараар агнах эрх нь зарагдлаа гэж бодоход 6000 мянган ам.доллар нь сумруугаа, нөгөө 6000 ам.доллар нь аймагруугаа ордог болно.
-Энэ хуулиар ТББ-уудын үйл ажиллагааг шилэн байхаар заасан байсан?
-Тэгнэ. ТББ-ууддын санхүүгийн тайлан нь шилэн байх, удирдлага нь гурван жилийн хугацаатай улиран сонгогдохгүй байх зэрэг зарчмуудыг оруулж өгсөн. Харин хуулиар төрийн байгууллагын бүтцийг нэмээгүй.
Б.НОМИН
Сэтгэгдэл үлдээх