Х.Нямбаатар: Мэдээллийн технологи өндөр хөгжчихсөн, дэлхийтэй өдөр бүр мэдээлэл солилцож байгаа залуус сумын төвд амьдрахыг хүсэхгүй байна
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна.
Х.Нямбаатар “Анхны хэлэлцүүлэгт оруулж ирэх санал бол, 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг орон нутагт, 60 хувийг улсын төсөвт төвлөрүүлэхээр зохицуулалт хийсэн. Үүнээс хойш орон нутгуудын төсвийн эрх мэдэл нэмэгдсэн. Тэгэхээр одоо Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг дагуулж ААН-ийн орлогын албан татварын 40 хувийн 20 хувийг буцаагаад улсад өгөөд, орон нутаг 20 хувиа л төвлөрүүлж авна. Харин суурин соёлын хэрэглээ үүсгэдэг НӨАТ-ынхаа 20 хувийг хот, тосгонууд төвлөрүүлж авдаг хэлбэрт шилжье гэдэг хуулийн төсөл оруулж байна. Ингэснээр хот, тосгод өөрийн орлогын татвараа төвлөрүүлж авч хот нийтийн аж ахуй, дэд бүтэц гэдэг зүйл шинээр бий болно.
Намайг гудамжаар явахаар замаа засаач гээд байгаа, мөнгө байхгүй юм чинь би яах вэ. Орлогын эх үүсвэр орж ирж байж л энэ асуудал шийдэгдэнэ шүү дээ. Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаж байгаад л метроны төслөө урагшлуулж байна. Би ажил аваад 31 хууль өөрчлүүлсэн, одоо дахиад 30 хууль өөрчлүүлж байна. Хуулийн хэрэглэгч болоод ирэхээр зовлонг нь ойлгож байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх