Цэс Close

Х.Нямбаатар: Эх орныхоо алтан соёмбот далбааг Их Наран улсын тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийн билэгтэй ерөөлийг өргөе

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар өнөөдөр олон улсын эв санааны баяр зуны 32 дахь удаагийн олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан тус яамны харьяа агентлагуудын спорт хорооны алба хаагч, тамирчидтай цахим уулзалт хийж, амжилт хүслээ.

Энэ үеэр салбарын сайд Х.Нямбаатар хэлсэн үгэндээ "Дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахлын улмаас энэ удаагийн олимпийн наадам нэг жилээр ухарсан нь манай улсын нийт тамирчдын хувьд цагийн зөрүү бага Ази тивд болж байгаагаараа тун таатай боломж гэж харж байна. Энэхүү их наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 13 төрөлд 40, пара олимпийн 6 төрөлд 8 тамирчин оролцохоор эрхээ авч чадсан нь амжилт төдийгүй асар их үүрэг хариуцлага гэдгийг онцлоод хууль зүй, дотоод хэргийн салбарын тамирчид, дасгалжуулагчид та бүхэн маань урьд өмнө гаргаж байсан алдарт тамирчдынхаа буухиаг үргэлжлүүлэн ахиулж, эх орныхоо алтан соёмбот далбааг Их Наран улсын тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийн билэгтэй ерөөлийг өргөе" гэв.

Эртний Грект МЭӨ 774 онд анх зохиогдож Хожим Францын нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Пьер Де Кубертиний санаачилгаар 1896 онд Грекийн Афин хотод зохион байгуулагдсанаас хойш 4 жил тутамд зуны болон өвлийн гэсэн 2 төрлөөр зохион байгуулагддаг уламжлалтай.

Олон улсын эв санааны баяр зуны 32 дахь удаагийн энэхүү их наадам энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд болох бөгөөд таван тивийн 200 гаруй орны тамирчид нэгэн дор цуглаж , спортын 50 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Зуны олимпийн их наадамд тус салбарын Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас жүдо бөхийн төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, цагдаагийн ахмад Мөнхбатын Уранцэцэг, чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэслэгч Очирбатын Бурмаа, ахлах ахлагч Эрдэнэбатын Бэхбаяр, олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Төмөр-очирын Тулга, Буудлагын спортын урт буу болон БКБ 3*40 гурван төрөлд дэд ахлагч Оюунбатын Есүгэн, мөн ШШГЕГ-ын Сүлд спорт хорооноос жүдо бөхийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, хошууч Лхагвасүрэнгийн Отгонбаатар ОУХМ, ахлах дэслэгч Цэнд-очирын Цогтбаатар, Боксын төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, ахмад Эрдэнэбатын Цэнд-очир, Пауэрлифтингийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, хошууч Энхбаярын Содномпэлжээ, Хүндийн өргөлтийн төрөлд ОУХМ дэд ахлагч Эрдэнэбатын Билэгсайхан, ХХЕГ-ын Хилчин спорт хорооноос жүдо бөхийн төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин 2016 оны олимпийн наадмын мөнгөн медальт, хошууч Доржсүрэнгийн Сумъяа, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү, Монгол Улсын гавьяат тамирчин, ахлах дэслэгч Дашдаваагийн Амартүвшин, чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, 2012 оны олимпийн наадмын хүрэл медальт дэлхийн хошой аварга дэд хурандаа Соронзонболдын Батцэцэг, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл нар оролцох эрхээ авсан байна. Харин чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ОУХМ Батзориг, жүдо бөхийн дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа нарын эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан шилдэг тамирчид Япон Улсын Токио хотыг зорих гэж байна.

Дашрамд дурдахад Монгол Улс олимпийн наадамд анх 1964 онд оролцож байсан бол дараа нь 1968 онд оролцож байв. 1968 оны олимпийн наадмаас анх удаа Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль авч байсан. Ийнхүү эдгээр тамирчид медалийн буухиаг эхлүүлсэн цаг үеэс хойш дунд нь нэг жил /1984онд/ өнжсөн байдаг юм. Түүнээс өмнө болон хойш 13 удаагийн олимпийн наадамд спортын 4 төрөлд /чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага/ оролцож, улмаар 2 алт 10 мөнгө 14 хүрэл нийт 26 медалийг эх орондоо авчирсан бахархам түүхтэй.

Салбарынхаа алба хаагч тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах