Х.Нямбаатар: Яндан солих ажлыг зогсоохгүй удахгүй газыг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна
Улаанбаатар хотын удирдлагын багаас утааг бууруулах дараагийн төлөвлөгөөг гаргаснаа өнөөдөр (2024.12.18) Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр "Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа 198 мянган яндан байна. Эдгээр яндагууд 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байна. Тооцооллоор 84400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай. Сүүлийн үед гарсан угааржилтын шалтгаан эдгээр шаардлага хангаагүй зуухаас болсон. Сайжруулсан түлшний чанарын тухай тоо баримт хэлэхгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй танилцах байх. Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд, эдгээр зуухтай айлууд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Одоо ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг өөрчлөх судалгааны ажлыг эхлүүлсэн байгаа.
Өнгөрсөн жил зуух шинэчлэх талаар ажил төлөвлөгдөж байсан ч нийгмийн сүлжээний эсэргүүцлээс болоод больсон. Энэ жил мөн нийгмийн сүлжээнд олон хүн эсэргүүцэж байна. Гэхдээ үүнээс болж зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй. Төсөв батлагдсан байгаа. Түүнчлэн хотын удирдлагын багаас яндангүй бүсийг зарлана. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ.
Үлдсэн 80 мянган айлыг нефьтийн дайвар бүтээгдэхүүн нафтагийн С5, С6, С6 загварын газны шугамд холбоно. Үйлдвэрийг нэг жилийн дотор барих боломжтой гэсэн урьдчилсан мэдээлэл өгсөн. Судалгааг гадаадын мэргэжилтнүүд энэ сарын 19-нд эхлүүлнэ" гэлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулах метро төслийн талаар Хотын дарга Х.Нямбаатар "Метротой холбоотой санхүүжилтийн асуудлыг шийдсэн гэж ойлгож болно. Энэ долоо хоногт Их Британийн Засгийн газрын Сангийн яамнаас Монголын Засгийн газарт UKS буюу Их Британийн Засгийн газрын газраас 3 тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 жилийн хугацаатай гаргаж, метроны төслийг санхүүжүүлэхээр болж байна. Тиймээс одоо зарласан байгаа метроны тендерээ зогсоож, хойшлуулахгүйгээр явуулах боломж бүрдэж байна. Ирэх оны нэг, хоёрдугаар сард синдикат банкуудтай хэлэлцээр хийхээр төлөвлөж байна" гэв.
Мөн тэрбээр "Татвар төлөгчдийн мөнгөөр хэсэг бүлэг айлын зуух солих төрийн хийх ёстой ажил мөн үү? гэх сэтгүүлчдийн асуултад "84 мянган зуух салаад унах гэж байна. Хэрвээ тэгвэл илүү л олон хүн үхнэ шүү дээ. Өөрөө хариуцаж байгаа ажлаа би өөрөө мэдээд хийе. Эсвэл олон нийтийн санал асуулга аваад больё" хэмээх хариулт өглөө.
Сэтгэгдэл үлдээх