Х.Нямбаатар: 1008 айлын орон сууцанд газраа чөлөөлсөн иргэдийг оруулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сэлбэ дэд төв”-тэй залгаж, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 1008 айлын орон сууцны хорооллыг Нийслэлийн орон сууцны фондод шилжүүлж, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хууль журмын дагуу 1008 айлтай хашаа байшинг орон сууцаар солих хэлэлцээр хийх эрх үүсч байгаа. Удахгүй айлуудад батламж болон хэлэлцээр хийх саналуудаа хүргүүлнэ.
Ногоон нуур, Дэнжийн 1000, МҮОНРТ зэрэг бүсчлэлээс 1008 айлд тааруулж батламж олгоно.
Хашаа байшинг нь хөндлөнгийн үнэлгээгээр үнэлүүлнэ. Хятадын Засгийн газрын 350 сая юанын буцалтгүй тусламжаар Ногоон нуурт 1008 айлын орон сууц баригдаад дуусч байна.
“20 минутын хот” концепцын хүрээнд сургууль, цэцэрлэг барина. Нүүрэн талд нь авто засварын газар, худалдааны төв байгаа, тэдгээрийг чөлөөлөхөөр хэлэлцээр эхэлсэн явж байна.
Ахуйн үйлчилгээ, нийгэм соёлын үйлчилгээ төлөвлөөд хүүхдээ сургуульд хүргэх гэж өөр тийшээ явдаг биш бүсдээ бүх үйлчилгээг авдаг хэлбэр лүү шилжүүлж байгаа.
1990 оноос өмнө Улаанбаатар хот энэ чиглэлээр хөгжиж байсан юм билээ. Кино театр, ахуйн үйлчилгээ, төрийн үйлчилгээ, сургууль цэцэрлэг бүгд байсан. Алдааг засч, 20 минутын хот байгуулъя гэж байгаа юм.
Хятадын буцалтгүй тусламжаар барьсан орон сууцанд 1008 айл нүүж орохоор чөлөөлөгдөж байгаа газруудад дэд бүтэц татаад, авто зам бариад, төлөвлөлт хийгээд барилгын компаниудын дунд арилжааны дуудлага зохион байгуулна.
Өөрөөр хэлбэл, энэ газраас эхэлж барилга барь гээд төлбөр авахгүй дараа төлбөрт нөхцөлөөр баригдсан талбайгаас нь газрын төлбөртөө ашигтай талбайгаас нь 25-30 хувийг авъя. Авсан барилгаараа дараагийн айлуудад газар чөлөөлөлтийн эх үүсвэр болгож нөхөж явъя гэдэг зарчим барьж байгаа.
“Сэлбэ дэд төв” дээр 400 м2 газар, 40 м2 байшинтай айлыг чөлөөллөө гэхэд 175 орчим сая төгрөгөөр дундажлан үнэлж авч байгаа. Одоогоор нийтдээ 1695 айлын газар чөлөөлөлт хийснээс 52 айл газраа өгөхгүй гэдэг байр суурьтай байгаа, 1600 айл нь зөвшөөрөөд мөнгөө аваад нүүгээд явсан.
Судалгаагаар газраа чөлөөлж, нөхөн төлбөр авсан айлууд орон сууц худалдан авсан, авто машин худалдан авсан, жижиг бизнес эхлүүлсэн мэдээлэл байгаа.
Азийн хөгжлийн банкны хөрөнгийг бүрэн орлуулах аргаар үнэлгээ хийж, газар чөлөөлөлт хийж байгаа учраас хүндрэл үүсээгүй. Хүндрэлтэй 200 орчим обьект гарч ирнэ. Долоон буудал орчмын зам дагуух худалдаа үйлчилгээний обьектууд эдгээр худалдаа үйлчилгээний обьектуудын 30 орчим хувьтай нь үнэлгээ хийгээд газар чөлөөлөлт хийж байна. Айл өрхүүдийн газар чөлөөлөлтийг энэ ондоо багтаах зарчим барьж байна гэлээ.
Сэтгэгдэл үлдээх