“Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг Төв шуудангийн замын урд байршуулна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууц корпораци” ХК-ийн харьяа охин компани байгуулах, баталгаажсан хөрөнгөөр үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай зэрэг 11 асуудал хэлэлцэхээр болсон. Хурлын эхэнд Нийслэлд хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойно байрлах Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатарын хөшөөний баруун талд авто зам тавьснаар тус хөшөөний хадгалалт, хамгаалалт алдагдаж, эрсдэл учирч болзошгүй болсон тул Удирдлагын академийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны баруун хойд хэсэгт зүүн зүгт харуулж байршуулан, орчныг тохижуулах асуудлыг дэмжлээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд “Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг байршуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус бүтээл нь Улаанбаатар хотод цөөхөн үлдсэн шигтгэмэл урлалын бүтээл тул ийнхүү Төв шуудангийн замын урд талд байршуулж, Нийслэлийн Өмчид бүртгэхийг дэмжсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл үлдээх