Цэс Close

Циркийг үгүй хийсэн Асашёорюү Д.Дагвадорж, хотын дарга асан Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцох уу?

Улсын цирк 2008 онд хувийн өмчид буюу Асашёорюү Д.Дагвадоржид шилжсэн. Үүнээс хойш Монголын цирк гудамжинд гарсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Өнөөдөр циркийн байрыг нэхдэг, асуудаг цөөн хүмүүс байсаар л байна. Манай циркийн барилга Ази тивд хоёрт ордог байсан гэдэг. Цагтаа улсын циркт жилдээ 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан гэх тоо бий.

Циркийн асуудал хөндөгдөх бүрт хотын дарга асан Д.Сумъяабазар шинэ байр барьж өгнө гэж ам тагласаар өнөөдрийг хүрсэн. Гэвч тэр но-той ногоон автобус оруулж ирснийхээ төлөө суудлаасаа буусан. Гэхдээ үүндээ ч хариуцлага хүлээгээгүй.

Манай улс циркгүй болоод энэ олон жилийн нүүрийг үзэж байхад хариуцлага хүлээх эзэнгүй хэвээр л байна. Үе үеийн л Соёлын сайдууд циркийн хувьчлалын асуудлыг шалгана гэдэг ч чимээгүй хав дарчихдаг. Уг нь 2021 оны 10 дугаар сард Соёлын сайд Ч.Номин “Циркийн барилгын хөрөнгө оруулалтаа маш яаралтай дуусга. Барилгын ажлыг дуусган, уран бүтээлчдийг бэлтгэ сургуулилтаа хийх нөхцөлийг  ханга гэдэг саналыг хүргүүлсэн. Бид дахин шинэчилсэн гэрээ хийх талаар хэлэлцэж байна. Одоо байгаа цирк менежментийн гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэж байв. Гэсэн ч өнөөг хүртэл таг чиг. Тиймээс нэгэнтээ хувьчлал нь хуудуутай байсан гэж хардаж байна.

Хүмүүс цирк үздэг байснаа дурсан ярихаас биш өнөө цагт Монголынхоо циркчдийн тоглолтыг хэзээ үзсэнээ ч санахаа больсон. Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Монгол Улсын циркийн уран бүтээлчид бэлтгэл сургууль хийх байргүйгээс хэдэн хэсэг болж хуваагдан, тарж бутраад олон жил болж буй.

Ганц барилгын асуудал бус бүхэл бүтэн Монгол Улсын соёл урлагийн нэг төрлийг үгүй хийж байна. Циркийн уран бүтээлчид тив, дэлхийд өндөр амжилт одоо ч гаргадаг. Гэтэл эх оронд нь цирк хаалгаа барьчихсан болохоор гадаад улс орон руу дүрвэх нь элбэг. Тусгаар улсад мэргэжлийн цирк байх ёстой юу гэвэл эргэлзээгүй тийм. Харин хувьчилсан циркээ төр буцааж авах уу, үгүй юү гэдэг эрх мэдэлтнүүдийн шийдэх хэрэг болчихлоо.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах