Ц.Нанзаддоржийг Цэцийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах болсон, гэр бүлийн гишүүнээ асрах шаардлага үүссэн шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103.1-т “Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага УИХ-д ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заажээ. Энэ дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг анх илгээсэн байгууллага буюу Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хууль зүйн байнгын хороонд ирүүлжээ.
Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Сэтгэгдэл үлдээх