Чингэлтэй дүүргийн 4-р хорооны Засаг даргыг хууль бус шийдвэрээр ажлаас нь чөлөөлжээ
-Чингэлтэйн Засаг дарга Н.Батсүмбэрэл хороодын Засаг дарга нарыг хоморголон халж эхэллээ-
Чингэлтэй дүүргийн 4-р хорооны Засаг даргын өрөөнд тус дүүргийн Тамгын газрын албан тушаалтнууд түрэн орж ирж ажлаас нь хүчээр чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар 4-р хорооны Засаг дарга С.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-Танай хороонд ямар асуудал үүсэв?
-Чингэлтэй дүүргийн Засаг даргын ажлыг авсан Н.Батсүмбэрэл ажлаа аваад сар хүрэхгүй хугацаанд манай Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарыг ээлж дараалан хоморголон хүчээр ажлаас чөлөөлөх ажил хийж байна. Хороодын Засаг дарга нарыг хууль зөрчин чөлөөлөх захирамж гаргаж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг тус тус ноцтой зөрчиж байна.
-Таныг ажлын өрөөнд чинь байхад хүч түрж орж ирсэн гэв үү?
-Гуравдугаар сарын 19-ны өдөр би ажилдаа эртлэн ирж иргэнийхээ гаргасан хүсэлтийг шийдвэрлэчихээд яаралтай эмнэлэг рүү түр гарсан байх үед дүүргээс утасдаж 11.30 цагаас цахим хуралтай гэсэн учир ажил дээрээ буцаад ирсэн. Цахим хурлаар дүүргийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтан зөвхөн ганцаараа суусан цахим хуралд бэлэн байж цагаа баримтлах тухай, дүүргийн Засаг даргын ажлын мэдээллийг цахим постонд шэйрлээд байх тухай яриад цахим хурлаа хаасан. Гэтэл энэ үед манай хороон дээр ажил хүлээлцэх комисс аль хэдийнэ ирчихсэн байсан. Ажил авахаар ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Наранбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байсан.
-Таныг чухам ямар үндэслэлээр ажлаас тань халж байгаа юм?
- Намайг ямар үндэслэлээр ажлаас өөрчлөх шалтгаан болж байгаа талаар асуухад Засаг даргын тушаал, ажил хүлээлцэх комисс гэхээс өөр хариу хэлээгүй. Ингэж хууль бус шийдвэр гаргаж, өөрт таалагдахгүй Засаг дарга нарыг үзэмжээр ажлаас нь гэнэт халж өөрчилж буйд үнэхээр харамсч байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28.5-д баг хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн Иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ. Уг хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл,журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна гэсэн заалтыг зөрчсөн. Энэ бол хууль бус шийдвэр юм. Би 2011 оноос эхлэн энэ ажилд Иргэдийн нийтийн хурлаас иргэдийн саналаар сонгогдсон бөгөөд жил бүр ажлаа тайлагнаж “Бүрэн хангалттай” үнэлгээг авч ажиллаж ирсэн. Иргэдийнхээ санал гомдлыг хүлээн авч удирдах дээр байгууллагад уламжлан бодит ажил болгон нутаг дэвсгэрийнхээ гэрэлтүүлэг, явган зам, авто зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, бичил цэцэрлэгт тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хамтын оролцоотой бий болгож чадсан. Нийслэлийн 173 хорооны дунд зарласан “Шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагчтай баг” шалгаруулах уралдаанд 2017, 2019 онд тусгай байр эзэлж байсан. Миний бие 2016 онд Нийслэлийн тэргүүний ажилтан болж байсан нь амжилттай сайн ажилласаныг үнэлсэний илрэл байх аа.
-Та ажлаасаа хууль бусаар халагдчихлаа. Одоо хаана хандах байна вэ?
-Манай Чингэлтэй дүүрэгт хууль бус халаа сэлгээ өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж өрнөсөн. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргыг хүч хэрэглэн хуулийг уландаа гишгэн өрөөрүү нь дайран орж , халж байсныг та бүхэн санаж байгаа байх. Одоо хороодын Засаг дарга нарыг нэг нэгээр нь очиж хууль бусаар халж эхэллээ. Коронавирус дэлхий нийтэд тархсан онцгой хүнд нөхцөлд хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах энэ чухал ажлын үед эрх мэдэл, ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байгаад үнэхээр харамсч байна. Миний хувьд ажлаасаа гэнэт хууль бусаар халагдсан тул зохих хууль, шүүхийн байгууллагад хандана гэж бодож байгаа.
Д.САРУУЛ
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх