Чинь Ган: Хямрал даамжирч, хяналтаас гарч болзошгүйд санаа зовниж байна
NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна.
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай утсаар ярьжээ.
Чинь Ган, “Хятад, Украин хоёр улс дипломат харилцаа тогтоосон 31 жилийн турш харилцаа хөгжлийн хурдцаа хадгалсаар ирсэн. Харилцан хүндэтгэсний үндсэн дээр Хятад улстай чин үнэнч харилцаа тогтоохоор Украины тал хичээсээр ирснийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Мөн Украинтай хоёр орны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Хятад Украины ажил хэрэгч хамтын ажиллагаа бат бөх үндэс суурьтай, асар их нөөц бололцоотойн дээр Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг хэрэгжүүлэх нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд илүү өргөн боломжийг олгоно” гэжээ.
Түүний хариу болгож Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, “Хятад улс Украины хамтын ажиллагааны чухал түнш төдийгүй олон улсын үйл хэрэгт дутагдаж болшгүй чухал орон юм. Саудын Араб, Ираныг эвлэрүүлэх үйл явцад гаргасан Хятад улсын сүүлийн үеийн амжилтад баяр хүргэе. Украин хоёр орны харилцааг урт хугацааны өнцгөөс харж, нэг Хятадын зарчмыг үргэлжлүүлэн баримталж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Үргэлжлүүлэн Д.Кулеба "Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлж байна. Түүнчлэн Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай Хятад улсын гаргасан баримт бичиг нь дайныг зогсоохыг дэмжсэн чин сэтгэлийн илрэл. Цаашдаа Хятад улстай харилцаагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэжээ.
Чинь Ган "Хямрал даамжирч, хяналтаас гарч болзошгүйд санаа зовниж байна. Тэвчээртэй байж, энхийн хэлэлцээг аль болох хурдан сэргээж, улс төрийн аргаар зохицуулах зам руугаа буцахыг талуудаас хүсэж байна. Түүнчлэн Украин, Орос хоёр тал яриа хэлэлцээ хийх итгэл найдвараа хадгалан, хэчнээн хүнд хэцүү, сорилттой байсан ч улс төрийн шийдэлд хүрэх хаалгыг нээлттэй байлгана гэдэгт итгэж байна. Хятад улс дайныг зогсоож, хямралыг намжаан, энх тайвныг сэргээхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх