Цэс Close

Ч.Өнөрбаяр: Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнөөдөр /2025.03.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: -Иргэдийн өргөдөл гомдлоор Дархан-Уул аймагт хяналт шалгалт хийхэд  тендер,  худалдан авах ажиллагаатай холбоотой  зөрчлүүдийг илрүүллээ. Дархан-Уул аймагт гарсан зөрчил нь бусад аймаг, төрийн өмчит компани, төрийн байгууллага дээр гарч алдаа дутагдал ч байгаа болов уу гэж харж байгаа.

Нийтдээ 30 гаруй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ 63.8 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийж, илт хууль зөрчсөн.

Энэхүү худалдан авалт бол бага тоо биш. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлж байгаа, хууль зөрчсөн буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг ярина.

Мөн УИХ -ын нэр бүхий гишүүдээс ирсэн гомдлын дагуу Баянхонгор аймагт хяналт шалгалт хийсэн. Нэлээд олон газрын дарга нарыг төрийн албанд хууль зөрчиж томилсон зөрчил илэрсэн. Тухайлбал, аймгийн ИТХ -д сонгогдсон хоёр төлөөлөгчийг төрийн албан хаагчийн албан тушаалд томилон ажиллуулсан зөрчил гарсан. Төрийн алба нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нэг гол чиг үүрэг бол Засгийн газрын харьяа байгууллагууд нь хуулийг хэрэгжүүлж байна уу гэдэгт хяналт тавьдаг.

Хууль тогтоомжийн биелэлтийн үнэлгээг гаргаад УИХ-ын хаврын чуулганд танилцуулахаар бэлтгэж байна. Баянхонгот аймагт хийсэн төрийн албанд дахь хууль зөрчсөн томилгоо нь бусад аймгуудад ч гардаг асуудлын нийтлэг дүр төрх болж харагдаад байгаа. Мөн Дархан-Уул аймагт хийсэн хууль зөрчсөн тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал нь буруу жишиг тогтоож явж ирснийг харуулж байгаа, засч залруулах нь бидний үүрэг. Бусад аймгуудад ч шалгалт хийж байна, хяналт шалгалт дууссаны дараа мэдээллийг өгнө.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу эрчим хүчний үнэ нэмэгдсэн асуудалд шалгалт хийсэн. Эрчим хүчний тарифыг 4 төрлөөр тооцдог байсныг 18 болгоод, тариф тооцдог аргачлалыг өөр болгосон. Энэ талаар олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүй юм билээ.

Олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүйгээс эхлээд хэд хэдэн зөрчил байсан.

Эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан. Тухайн айл өрх ямар тоолуур хэрэглэж байснаасаа шалтгаалж цахилгааны төлбөр нь ялгамжтай бодогдож байгаа, энэ нь тогтоогдсон.

Цаашдаа эрчим хүчний реформ дээр тандан судалгаа хийх ёстой гэсэн үүргийг Ерөнхий сайдаас өгсний дагуу судалгаа хийгдэнэ.  Нэг ноцтой зүйл байна. Эрчим хүчний үйлдвэрлэл явуулах, шинээр станц барих зөвшөөрлийг олон хүн авдаг ч хийдэггүй.  Олгосон зөвшөөрлөөрөө эрчим хүчний шинэ эх үүсвэр барьсан бол өнөөдөр 1623 мВт эрчим хүч үйлдвэрлэх байсан, гэтэл 2024 онд 841 мВТ байна. Гэтэл жил болгон эрчим хүчний хэрэглээ 10-12 хувьтай нэмэгдэж байдаг.  Нөгөө талдаа эрчим хүч шинээр баригддаггүй, нэмдэггүй.  Зөвшөөрөл хүсэхэд 4-6 жил шаарддаг. Ийм нөхцөлд энэ салбарт хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй, хэн ч бүтээн байгуулалт хийхгүй.  Үүнээсээ хамаарч эрчим хүчний үнэ буурах боломж байхгүй. Эрчим хүчний салбарыг илүү либералчилж, шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах ёстой. Үүний тулд зөвшөөрлийг уян хатан нээлттэй тавьж өгөх ёстой.

Зөвшөөрөл хүсэхэд 4-6 жил шаарддаг хүнд суртлын тогтолцоог алга болгох ёстой. Тэгэхгүйгээр Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй. Манай газраас зөвшөөрөл авахад яагаад  4-6 жил зарцуулаад байна вэ гэдэг асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулна.

Монгол Улсад 2024-2025 онд 1824 мВт эрчим хүч шаардлагатай, гэтэл бид 1000 мВТ хүрэхгүй эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байгаа.  Нөгөө талаасаа эрчим хүчийг импортолдог, шинэ эх үүсвэр хангалттай барьж чадахгүй байгаагаасаа болоод жилдээ 400 тэрбумыг эрчим хүч импортоор авахад гадагш нь алддаг байх уу, эсвэл эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг эх үүсвэрээ нэмээд үнийг  нь бууруулж, эрчим хүчний хямралаасаа гарах юм уу гэдэг том бодлого руу орохгүй бол болохгүй байна.

Зөвшөөрлийн систем дээр нэг сонин юм гарсан. Нэг хүн зөвшөөрөл авчихаад тэрийгээ хураалгадаггүй, хүчин болгуулдаггүй. Шинэ хөрөнгө оруулагч ирээд цахилгаан станц баръя гэхээр зөвшөөрлийг нь олгодоггүй, цаг хугацаа асар ихээр шаарддаг, эсвэл хүнд суртал гардаг, аль эсвэл бэлэн зөвшөөрлийг нь авчихаад юу ч хийдэггүй хүнээс зөвшөөрлийг нь худалдаж авах гэдэг арилжааны хэрэгсэл болж хувирчихаад байна уу гэдэг эхний сэжиг таамаг гарч ирж байгаа.

Тиймээс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандан судалгааны газрыг ажиллуулаад эрчим хүчний салбарыг либералчилхад ямар хүндрэл гараад байна вэ гэдэг дээр хариулт өгнө.

Хамтарсан Засгийн газрын бодлогод төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод гоё зарчмууд тавьсан. Либералчилна, эрэлтийг хангана, шинэ эх үүсвэр барьж байгуулна гэсэн ч хүнд суртлын систем, зөвшөөрлийн системийг нураахгүйгээр энэ байдлыг шийдэхээргүй байгаа гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах