Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сүүлийн гурван парламент дамжин яригдаж, МАН үнэмлэхүй олонх болсон энэ удаагийн парламентаар ажил хэрэг болсон байдаг. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 6-нд Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хугацаанаас тоолвол 158 хоног Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-ын чуулганаар баталсан билээ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд дотроос Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно хэмээн заасан нь маргаан дагуулаад байгаа юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл үүсээд байгаа талаар хуульч Ч.Өнөрбаяр хэд хоногийн өмнө анхлан мэдээлсэн юм. Тэрээр, одоогийн Засгийн газрын 16 сайд бүгд давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэдэг. Тиймээс 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хэрэгжихтэй холбоотойгоор одоогийн Засгийн газар огцорч, Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт зааснаар Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч ажиллах шинэ Засгийн газрыг хуулийн дагуу байгуулах шаардлага тулгарч байгааг хэлсэн юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ УИХ-аас холбогдох хуулиуд орж ирвэл дагаж мөрдөнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайдын дээрх мэдэгдлийн талаар болон шинэ Үндсэн хууль энэ оны тавдугаар сарын 25-наас хэрэгжихтэй холбоотойгоор хуульч Ч.Өнөрбаяр өчигдөр дахин байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр хэлэхдээ, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдөр УИХ-аас батлан гаргасан. Энэ тогтоолоор Ерөнхий сайдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг хариуцаж ажиллах үүрэг өгсөн. Ерөнхий сайд хэлэхдээ, УИХ-аас холбогдох хуулиуд орж ирвэл дагаж мөрдөнө хэмээн мэдэгдсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хуулийн төслийг УИХ-аас боловсруулж оруулж ирэх биш, Ерөнхий сайд өөрөө гардан зохион байгуулж, хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Тиймээс энэ бол Ерөнхий сайдад УИХ-аас өгсөн гэрийн даалгавар гэдгийг онцолсон юм. Мөн энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжих Засгийн газрын дөрвөөс доошгүй гишүүн давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлэх, томилох, чөлөөлөхтэй холбоотой заалтууд дагавар хууль дээр биш Үндсэн хуульд тусгагдсан учраас Үндсэн хуулийг дагавар хуульд зориулж өөрчлөх биш, дагавар хуулиудаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдэд зориулан боловсруулах ёстойг санууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг Үндсэн хуулиа бүрэн гүйцэт уншаагүй байгаа талаар шүүмжилсэн. Энэ талаар хэлэхдээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ямар хүн хуулийн зөвлөгөө өгдгийг мэдэхгүй ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 24-нөөс хэрэгжинэ гээд буруу зөрүү яриад байх” гэв.
Тэрээр одоогийн Засгийн газрыг тавдугаар сарын 25-нд огцрох ёстой гэх асуудалд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлсэн тайлбарт мөн хариу өгсөн юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуулийг бид баталсан. Энэ хуульд одоогийн хүчин төгөлдөр хуулиудыг шинэчилж, Үндсэн хуульд нийцүүлж, өөрчлөх хүртэл хуучин хууль нь үйлчилж байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тухай хуулиараа Засгийн газрын хэрэгжих хугацааг тавдугаар сарын 25-наас биш долдугаар сарын 01-нээс гээд тавьчихаар үндсэндээ хуучин хуульд зааснаар сонгууль хүртэл энэ Засгийн газар үйл ажиллагаа явуулаад түүний дараа шинэ байгуулах Засгийн газар шинэ Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын үйл ажиллагаагаа явуулна” хэмээн мэдэгдсэн юм. Энэ тал дээр хуульч ч.Өнөрбаяр хэлэхдээ, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бид Үндсэн хуулиа дагаж мөрдөнө. Хуулиндаа нийцүүлнэ. Гэхдээ Засгийн газрын тухай хуулийг өргөн барьж батлахдаа долдугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөд асуудал байхгүй” гэж яриад байна. Хууль зүйн сайд хийж байсан хүн Үндсэн хуульд бусад хууль нийцдэг гэдгийг мэдэх ёстой. Түүний яриад байгаа Засгийн газрын тухай хууль Үндсэн хуультайгаа зөрчилдөж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ гээд цагаан цаасан дээр тод хараар биччихсэн байхад, яагаад та нар гуйвуулах гээд байна вэ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Энэ байгууллага бусад хуулиар байгуулагддаг яам, агентлаг, ашигт малтмалын газар биш. УИХ-ыг хэрхэн байгуулах, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгохыг Үндсэн хуульд биччихсэн байгаа. Түүнтэй адил Монгол Улсын Засгийн газар яаж байгуулах, хэрхэн томилохыг Үндсэн хуулиар зохицуулдаг. Өөр хуулиар зохицуулдаг юм биш” гэв.
Эцэст нь, УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үг, үсэг, цэг таслал заалт бүрээр нь хэрэгжүүлэх үүрэг түүнд байгаа гэдгийг хэлээд, УИХ-ын даргын албан тушаал ямбалдаг албан тушаал биш. Ачааны хүндийг үүрч, хариуцлага хүлээдэг албан тушаал. Тиймээс таныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар тайлбар хийхийг хүсч байгаагаа дамжуулсан. Мөн Үндсэн хууль хэрэгжих өдрийг тавдугаар сарын 25-ны өдөр гэж зурхай харж сонгох биш, анхнаасаа одоогийн Засгийн газар Үндсэн хуулийн хайчинд орохгүй байхаар зохицуулах ёстой байсан. Үүнийг тооцож чадаагүй байж Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй гэлээ.
Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хуулийг нийцүүлэхээс өөр арга байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хуулийн дагуу дагаж мөрдсөнөөр хэд хэдэн ашигтай нөхцөл үүсэхийг хэлсэн юм. Тухайлбал, Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг давхар дээлгүй болгох, бүрэлдэхүүнээ цомхтгох боломж байгааг дурдаад 100 хувь мэргэжлийн Засгийн газар байгуулах боломж байгааг онцоллоо. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхгүй Үндсэн хуулийнхаа дээгүүр төр засаг нь алхах юм бол цаашдаа эрхтэн дархтанууд Үндсэн хуулийн дээгүүр гишгэдэг буруу жишиг тогтохыг ч анхааруулсан юм. Анхны Үндсэн хуулийг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Чимид багшийн хэлсэн “УИХ, Үндсэн хуулийн биелэлтийг өдөр болгон сахих үүрэгтэй. Үндсэн хуулийн төгсгөлд “Мэдэхтүн, сахихтун” гэх үг бий. Энэ үг дарга нар та бүхэнд зориулсан үг шүү” гэв.
Хуульч Ч.Өнөрбаяр: -Миний хөндөж яриад байгаа Засгийн газар давхар дээлгүй болох тухай ойлголт, Засгийн газраа Ерөнхий сайд бүрдүүлэх тухай ойлголт, шинээр Засгийн газарт орж ирэх гишүүд УИХ-д тангараг өргөх тухай ойлголтыг Үндсэн хууль дээр тодорхой биччихсэн байгаа гэдгийг дахин дахин хэлье. Тийм учраас энэ ойлголтыг тойруулж ярих гээд хэрэггүй. Бусад хууль руу бурууг чихэж, бусад хуулиар тойруулаад Үндсэн хуулийн үзэл санааг үгүй хийнэ гэж бодож байгаа бол энэ том эндүүрэл. Хэрэв Үндсэн хуулиа дагаж Ерөнхий сайд, Засгийн газраа шинээр бүрдүүлэхгүй бол Засгийн газраас гаргаж байгаа бүх шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болно. Энэ асуудлыг Монголын олон мянган хууьчид харж байгаа. Ганцхан би ч биш, олон мянган хуульчид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах байх. Төрөөс гаргасан шийдвэрүүд амаараа гоё ярьж, чамирхаж, том дуугарснаар шийдэгддэггүй юм. Харин цаагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн дагуу явдаг . Цаасан дээр баримт болж үлддэг. Хэзээ ч балрахгүй. Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах нь миний итгэл үнэмшил, зарчим. Түүнээс биш өнөөдөр хэн нэгний улыг шагайж, мууг үзэх гэж энэ асуудлыг яриагүй. Үндсэн хуулийн үнэт зүйл, зарчим цаашлаад хууль дээдлэх ёс манай улсад байх эсэх талаарх асуудал ярьж байна. Хуулийн биелэлтийг Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд УИХ-ын өмнө хариуцдаг юм шүү дээ.
Үнэхээр Ерөнхий сайд гэрийн даалгавраа хийсэн юм бол Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан ажлын хэсгийг байгуулсан захирамжаа ил гаргаад тавь. Тэр хуулийн төслөө ил гаргаад олон нийтээр хэлэлцүүлэх хангалттай хугацаа байна” гэв. Мөн “Хэрэв би худлаа яриад, гүтгэж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар Та надтай нээлттэй мэтгэлцээч” хэмээн урилга илгээж байгаагаа энэ үеэр дуулгав.
П.ЗАЯА
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх