Ч.Өнөрбаяр: 16 яамнаас дөрвөн яам зохих ёсны дагуу мэдээлэл, тайлангаа ирүүлсэн
Засгийн газрын 01 даалгаврын хүрээнд Нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй уялдуулж хэрэгжилтийг үнэлэх ажлын хүрээнд яамдуудад тайлан мэдээг ирүүлэх үүрэг даалгаврыг хүргүүлсэн. 16 яамнаас дөрвөн яам зохих ёсны дагуу мэдээлэл тайлангаа ирүүлсэн байна. Нийгэм эдийн засаг хөгжлийн үзүүлэлттэй холбоотой гаргасан Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн биелэлтийг энэ ондоо багтаад ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байгаа боловч зарим яамдуудын ажил хангалтгүй байгаад дурдаад төрийн бүтээмжийн гүйцэтгэл болон хэрэгжилтийг үнэлдэг байх шаардлага гарч байгааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр онцоллоо.
Цагдаагийн байгууллага дээр процессын дахин инженерчлэл хийгдэх ажлын хүрээнд хамтарсан санал солилцох уулзалт болсон бөгөөд Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгт оролцохгүйгээр иргэдэд хүрэх үйлчилгээг илүү шуурхай болгох, чанартай хүртээмжтэй байхын тулд яаж ажиллах юм бэ гэдэг тал дээр нь цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана. Өнөөдөр уламжлалт хулгай, дээрэм гэх мэт хэргээс илүүтэй цахим гэмт хэрэг, цахим залилан гэх мэт хэргүүд нэмэгдсэнтэй холбоотой энэхүү чиглэлд илүү ажиллах шаардлагын дагуу шинэ аргачлал арга ажиллах хэрэгцээ шаардлага байгааг мөн дурдлаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь яам, агентлаг, аймаг, Нийслэлийн засаг дарга, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах замаар төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий төрийн байгууллага юм.
Сэтгэгдэл үлдээх