ШЕЗ-ийн дарга Р.Онончимэгийн нэр холбогдсон хэргийн шүүгч нар Давж заалдах шатны шүүхэд нэр дэвшжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдсан. Шүүгчийн сонгон шалгаруулалт энэ нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхэлсэн. ШЕЗ оны өмнөхөн даргаа өөрчилж Р.Онончимэг гэх залуу эмэгтэй сонгогдсон. ШЕЗ энэ удаагийн шүүгчийн сонгон шалгаруулалтаа шударгаар явуулж чадахгүй буюу шалгалтын тестээ задруулж, хариултыг нь хэлж өгсөн гэх гомдол, маргаан хуульчдын дунд одоо ид яригдаж байна.
ШЕЗ-өөс шалгалтын хариуг удаа дараа задалсан шалтгаанаа алдаатай тест хэвлэгдсэн гэх тайлбарыг хүргэсэн ч үүний ард зорилтот хэн нэгнийг дэмжин оруулж ирэх гэв үү гэх хардлага төрөхөөр байна.
ШЕЗ-өөс зарласан Давж заалдах шатны шүүхэд 10 гаруй нэр дэвшигчид бүртгүүлсэн байгаа бөгөөд энэ нэгдүгээр сарын 10, 11-ны өдрүүдэд шалгалт явагдаж байгаа. Нэр дэвшээд байгаа шүүгчдээс анхаарал татахуйц хоёр, гурван нэр дэвшигчид байна. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа У.Бадамсүрэн, мөн тус шүүхийн шүүгч Ц.Одмаа, Дорноговь аймаг дах Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа С.Отгонтуяа нар юм.
Тодруулбал ШЕЗ-ийн дарга Р.Онончимэг нь өнгөрсөн 2021 онд ШЕЗ-д гишүүнээр нэрээ дэвшүүлэн орж ирэхдээ хуурамч нотариат хийсэн гэх ярианд орж энэ талаар УИХ-ын гишүүд түүнээс асууж тодруулж байсан билээ. Гэтэл Давж заалдах шатны шүүгчийн сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлээд буй шүүгч У.Бадамсүрэн, Ц.Одмаа, С.Отгонтуяа нар нь өнөө хуурамч нотариаттай холбогдох Улсын бүртгэлийн газрын маргаантай хэргийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгчид юм. Тэдгээр гурван шүүгч хэд хэдэн удаа хууль бус захирамж гаргаж тэдгээр захирамжуудыг нь Давж заалдах шатны шүүхээс нь хүчингүй болгож байсан түүх байх юм.
Юутай ч шалгалтын тест задруулсан гэх хэл аманд ороод буй ШЕЗ, шинэхэн дарга Р.Онончимэг шүүгчдийн сонгон шалгаруулалтаа шударгаар явуулж чадах эсэх нь эргэлзээтэй болж, хуульчид энэ тухай гомдол гаргаж мэдэхээр болоод байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх