Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно
“Нийт шүүгчийн анхдугаар чуулган” энэ сарын 11-нд болох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг нууц санал хураалтаар сонгоно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгохоор хуульчилсан. Нэр дэвшигч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагатай. Тус шаардлагыг хангасан анхан шатны шүүхээс найм, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлжээ /нэр дэвшигчдийн мэдээлэлтэй https://judcouncil.mn/site/news_full/11294 холбоосоор танилцах боломжтой/.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шинээр байгуулагдахаар болсон Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно. Сахилгын хорооны гишүүнд анхан шатны шүүхээс дөрөв, давж заалдах шатны шүүхээс тав, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нэрээ дэвшүүлсэн байна /нэр дэвшигчдийн мэдээлэлтэй https://judcouncil.mn/site/news_full/11295 холбоосоор танилцах боломжтой/.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.” гэж заасны дагуу бүх шатны шүүхийн шүүгчид “Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-нд биечлэн оролцох үүрэгтэй аж.
Сэтгэгдэл үлдээх