Цэс Close

ЭМГЭНЭЛ: Хорлоогийн Цэвлээ

      ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ

                              (1932-2025)

Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Хорлоогийн Цэвлээ  2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Х.Цэвлээ нь 1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрж, сумын бага, дунд сургуулийг төгсөж, 1962-1966 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль, 1970-1972 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын дээд сургуульд улс төр судлаач, сэтгүүлч мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын бага сургуульд багш, сумын Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүрийн дарга, аймгийн намын хороонд зааварлагч, 1956-1959 онд Баянхонгор аймгийн “Лениний зам” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1959-1962 онд Баянхонгор аймгийн Гүйцэтгэх Захиргааны Соёлын хэлтсийн дарга, 1966-1970 онд аймгийн МАХН-ын хорооны лектор-суртал нэвтрүүлэгч, 1972-1980 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, 1980-1990 онд     МАХН-ын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч, 1990-1991 онд Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны дарга, 1991-1996 онд Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, 2004-2015 онд  “Их Монгол” дээд сургуульд зөвлөх багшаар ажиллаж байв.

Х.Цэвлээ нь нийгмийн шилжилтийн үед монголын сэтгүүл зүйн салбарыг манлайлж, “Үнэн” сониноор дамжуулан “Ардчилсан хувьсгалын тохироо бүрдлээ”, “Галбын говийн дөрвөн тэмээчнийд”, “Тэжээгчээ алдвал тэтгэврийг хэн хариуцах бэ?”, “Хөл нүцгэн сэхээтэн” зэрэг олон арван нийтлэлээр дан ганц намын бус ардчиллын үзэл санааг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Х.Цэвлээ нь “Монголын нууц товчоо”-г сэтгүүл зүйн онолын судалгааны хүрээнд татан оруулж, “сэтгүүл зүйн түүхийн дурсгалт бичиг мөн” гэж нотлохыг оролдсон нь монголын сэтгүүл зүйн онол, практик төдийгүй “Монголын нууц товчоо”-ны Олон Улсын судлалд үнэ цэнтэй, шинэлэг судалгааны ажил болжээ.

Монголын үндэсний сэтгүүл зүйн онолын болон практик сэтгэлгээний шинэчлэлд өөрийн мэдлэг, боловсрол, ур чадварыг зориулан ажилласан тэрбээр “Миний сэтгүүл зүй 1, 2”, “Нийтлэл зүйн тухай яриа”, “Өвөөгийн жор 1, 2”, “Монголын шилдэг нийтлэлийн 59 дүгээр боть”  зэрэг үе үеийн багш, оюутан, сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдын гарын авлага, сэтгүүл зүйн сургалт, судалгааны үнэ цэнтэй бүтээлүүд болон хөрөг нийтлэлийн “Ээж бидэн хоёр”, “Алтан тууж”, “Дээлтэй судар”, “Болор судар”, “Манай үеийн баатрууд”, “Сониндумаа”, “Сүмбэр гурван оргил”, “Хоточ цагаан банхар”, “Нандин чанар”, “Үзэг бидэн хоёр” зэрэг ном, товхимлыг туурвисан юм.

Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ таны эх орныхоо хөгжил, сэтгүүл зүйн салбарт оруулсан нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.

У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР,

Б.НАЙДАЛАА, С.БЯМБАЦОГТ, Ч.УНДРАМ, Б.БАТЦЭЦЭГ,

Д.ГАНБАТ, Д.ЖАРГАЛСАЙХАН, Д.ЦОГТБААТАР,

Э.ЭНХБАТ, Д.МӨНХСАЙХАН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах