Эмэгтэй улстөрчийг харлуулахад чиглэсэн мэдээлэл түгээхийг хориглох, хүйсийн хувьд гутаан доромжлохгүй байх санамжийг хүргүүлжээ
ХЭҮК-оос УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц "Энэ удаагийн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс нийт 1,341 нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын дарга, ухуулагчаар ажиллаж байсан иргэний амь нас эрсэдсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаарх мэдээллүүд байна.
Иймд Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд болон түүний сонгууль эрхэлсэн байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд анхаарч дараах санамжийг хүргүүлж байна. Үүнд:
- Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх;
- Эмэгтэй улстөрчийг харлуулахад чиглэсэн мэдээлэл түгээхийг хориглох, хүйсийн хувьд гутаан доромжлохгүй байх, улс төрийн ардчилсан өрсөлдөөнд аливаа хүйст хүндэтгэлтэй хандах
- Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр руу зөөвөрлөхийг зогсоох, сонгуульд оролцохоос татгалзах, нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөх, хүний үзэл бодлыг үл хүндэтгэх
- Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөх, амлах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, амлалт өгөх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх;
- Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент түгээхгүй байх. Үүнд технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх;
- Ухуулах байр, сонгуулийн сурталчилгааны материал, хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнд тохиромжтой байдлаар бэлтгэх, мэдээллийн хүртээмжийг хангасан байх;
- хувийн мэдээлэл болох иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг цуглуулах, хууль бусаар ашиглахгүй байх;
Мөн иргэдийн регистрийн дугаарыг хууль бусаар цуглуулах зөрчил гарч байгаа тул та бүхэн хувийн мэдээллээ хамгаалахыг хүсье. Ийнхүү цуглуулсан регистрийн дугаарыг ашиглан сонгуулийн дараа ямар ч байдлаар ашиглах боломжтой байна. Мөн регистрийн дугаарыг чинь ашиглаж хэнд санал өгснийг чинь мэднэ гэж цахим орчинд худал мэдээллийг түгээж, нийт сонгогчдын сонгох эрхэд халдаж байгаа үйлдэл бөгөөд энэ нь техникийн хувьд боломжгүй тул иргэд та бүхнийг хувийн мэдээллийн нууцлалаа бусдад алдахаас сэргийлж, хамгаалахыг хүсье. Бүх нийтээрээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх