Энэтхэгт хоногт 2800 хүн коронавирусээр нас барж, гудамжинд чандарлаж байна
Энэтхэг улсыг цар тахал нөмөрч, сүүлийн тав хоног дараалан коронавирусийн халдвар шинээр авагчид болон нас барагсдын тоо эрчтэй өссөөр байна. Өчигдөр л гэхэд 24 цагийн дотор 352 991 хүн халдвар шинээр авч, 2812 хүн нас баржээ.
Энэтхэгийн нийслэл Нью Делид дөрвөн минут тутамд нэг хүн цар тахлын улмаас амьсгал хурааж байна гэж Reuters мэдээллээ.
Харин The New York Times-ийн мэдээлснээр цогцос чандарлах газрын даац хэтэрсэн тул цогцсуудыг гадаа гудамжинд чандарлаж эхэлжээ. Тус улсад коронавирусийн мутацид орсон хувилбар эрчтэй тархснаас болж олон хүний амийг авч одож байна.
Цар тахал эрчтэй дэгдэж байгаагийн гол шалтгаан нь төр засгаас вакцинжуулах ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулаагүй мөн сонгуулийг хойшлуулаагүйтэй холбон тайлбарлаж байгаа ажээ.
1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улсад өнөөдрийн байдлаар 17.3 сая хүн коронавирусийн халдвар авч, 195 123 хүн нас баржээ. Гэвч энэ бол тус улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан тоо болохоос бодит байдал дээрээ үүнээс хавьгүй олон хүн нас барсан гэж мэргэжилтнүүд үзэж буй гэнэ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх