Цэс Close

Энэ зун 200.000 тонн сайжруулсан түлш нөөцөлнө

2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын болон нийслэлийн төсвөөс 600 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй билээ. Харин 2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулан, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан юм. 2018 онд 202.000  өрх яндан зуух ашиглаж байсан бол 2019 онд 6.000 өрх орон сууцанд орж, 30.000 орчим өрх цахилгаанаар болон бусад эх үүсвэрээр халаалтаа шийдэж, 177.000 өрх халаалтын зуухаар халаалтаа шийдээд байна. Эдгээр өрхүүд 2019-2020 онд 474.000 тонн сайжруулсан түлшийг хэрэглэжээ.  Энэ нь 2018 онд хэрэглэж байсан түүхий нүүрснээс 2 дахин багассан үзүүлэлт юм.
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн.  Мөн Налайх дүүрэгт сайжруулсан түлшний зүүн бүсын үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн ажээ. Энэ зун 200.000 тонн сайжруулсан түлшийг нөөцөлнө. Одоогийн байдлаар 30.000 орчим тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна.

Нийслэлийн засаг даргын захирамжаар айл өрхийн болон дулааны станцын түлшний  үнсийг 100 хувь ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн үнсийг ангилж ялгах, тусад нь тээвэрлэх, барилгын материал үйлдвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн хоёр хороо, Сонгинохайрхан дүүргийн хоёр хороонд зохион байгуулж байна. Дулааны станцын үнсийг уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглахаар судалгааны ажил хийж байгаа ажээ. Мөн сайжруулсан түлшний үнсээр үнсэн үрэл хийж харгиа цэвэрлэх байгууламжийн бохир усыг шүүх туршилт хийжээ. Туршилтын үр дүн эерэг гарсан бөгөөд бохир усыг цэвэрлэх химийн хортой бодисуудыг 30-80 хувиар бууруулах боломжтой ажээ.             

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах