“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” дээд сургуулийн онцлох дипломтой төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах тушаалыг танилцуулж, гардууллаа
Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцан, 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн оюутныг тус үйлдвэрт ажиллах эрхийн бичгээр шагнадаг уламжлалтай.
Энэ шийдвэр 2013 оноос эхлэн хэрэгжиж, эдүгээ нийт 49 төгсөгч Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж гардан авчээ.
Өнөөдрийн байдлаар, тэдний 39 нь үндсэн ажлын байранд ажиллаж байгаа бол 2020-2021 оны хичээлийн жилд төгссөн оюутнуудыг мэргэжлийн дагуу дадлагажигч ажилтнаар ажиллуулах тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал энэ сарын 10-нд гарсан байна.
Ингэснээр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т иргэнийг ажилд авах, хүний нөөц бүрдүүлэх журмын дагуу батламжтай төгссөн нийт оюутныг 100 хувь ажлын байраар хангаж байна. Ажилд авах тушаалыг үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар төгсөгч нарт танилцуулж, амжилт хүсэв.
Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, “Энэ жил онцлох дипломтой төгссөн 11 оюутныг бид үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд дадлагажигч болон үндсэн ажлын байранд мэргэжлийн дагуу хуваарилан ажиллуулж байна. Эдгээр оюутнууд 400 гаруй хүүхдүүдээс сурлагын амжилт, хичээл зүтгэл, харилцаа хандлагаараа шалгарч, онцлох дипломтой төгссөн. Дадлагажигчаар ажиллах хөдөлмөр зохицуулалтыг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Өөрийнхөө мэргэжлийн дагуу дадлагажигчаар ажиллах хугацаандаа ажилдаа дадлагажиж, хамт олны дунд дасан зохицох гээд олон боломж нээгдэж байна. Бид зөвхөн ажлын байраар хангаад зогсохгүй ажил эрхлэх явцад тулгардаг олон асуудал дээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран ажиллаж байна. Цаашид төгсөж буй оюутныг сурлагын амжилтаас гадна хувь хүний төлөвшил, ур чадвар талаас нь үнэлэх ёстой гэдэг санал дүгнэлтийг тус сургуульд хүргүүлсэн” гэж онцлов.
эх сурвалж: erdenettogay.mn
Сэтгэгдэл үлдээх