Цэс Close

Э.Манлайбаяр: Монгол гэдэг нэрийг сайнаар гаргаж чадсандаа баяртай байна

Монгол ленион цэрэг Э.Манлайбаяр саяхан Малийн зэвсэгт террорист бүлэглэлтэй хийсэн тулалдаанд онцгой гавьяа байгуулж улмаар Францын Ерөнхийлөгч Э.Макроноос Францын армийн хүндтэй шагнал болох "Цэргийн загалмай" одонгоор шагнуулсан талаар бид мэдээлсэн. Ингээд Ерөнхийлөгч Э.Макроноос шагнал авсных нь дараа түүнтэй сошиалаар ярилцлаа. 

- Сайн байна уу? Юуны өмнө таныг "Цэргийн загалмай" одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

За баярлалаа. Намайг Э.Манлайбаяр гэдэг. Одоо 21 настай. Намайг 15 настай байхад бид гэр бүлээрээ энд ирж байсан. Легионд элсээд 3.5 жил болж байна.

Та легионд элсээд удаагүй байхдаа шагнуулсан юм байна? Тухайн үед яг юу болсон юм бэ? 

Ажлын онцлогоос болоод зарим зүйлийг шууд хэлэх боломжгүй байдаг. Ерөнхийдөө бол бид Малид 4 сарын хугацаатай ажиллагаанд явсан ч нэг сараар сунгагдсан юм. Тухайн үед үе үе зэвсэгт этгээдүүд дайрч байсан. Миний хувьд хийх ёстой ажлаа л хийсэн. Хичээл зүтгэлийг маань өндрөөр үнэлсэнд маш их баяртай байгаа. Монгол хүний хувьд Францын Ерөнхийлөгчөөс шагнал аваад зогсохгүй Тусгаар тогтнолын баярын парадад жагссандаа их баяртай байгаа. Тухайн үед Монгол гэдэг нэрийг сайнаар гаргаж чадсандаа маш их баярласан. Юу юунаас илүүтэй аавынхаа өгсөн нэрийг нэр төртэйгөөр авч явж байгаагаа аавдаа харуулах үнэхээр сайхан байсан.

- Яагаад легионд элсэхээр болсон юм бэ?

Аав маань цэргийн хүн байсан л даа. Багадаа аавыгаа харах их сайхан байдаг байсан. Том болоод аав шигээ цэргийн хүн болохыг нууцхан хүсдэг байсан. Тэгээд л хүслээ биелүүлж бас өөрийгөө сорихоор легионд элссэн. Нэг мөрөөдөл маань бичлээгүй ч өөр нэг мөрөөдлөө биелүүлээд явж байна даа. Бас спортоо орхисон ч энд хичээллэх боломжтой нь сайхан байдаг.

- Наана чинь Монгол легионууд хэр их байдаг вэ? Та нар хэр холбоотой байдаг вэ?

Энд Монгол легионууд их олон байдаг. Гэхдээ манай ангид саяхныг хүртэл ганцхан би л байсан. Саяхан өөр нэг Монгол легион ирээд одоо бид 2 л байгаа. Бусад Монгол легионеруудтайгаа тэр бүр уулзаж чаддаггүй ээ. Гэхдээ элэг нэгтнүүдээрээ бахархдаг. Монгол легионерууд бусдыгаа бодвол илүү тэвчээртэй, хатуужилтай бас тууштай санагддаг. Мэдээж өөр мундаг легионерууд байдаг ч надад Монголчууд маань л илүү санагддаг. Энэ завшааныг ашиглаад легионд элсэхийг хүсдэг залуусыг зориг гаргаад элсээрэй гэж хэлмээр байна. Хэлний мэдлэгийн тухайд энд ирээд сурч болно шүү дээ. Тийм болохоор айж, эмээлгүйгээр ирээрэй гэж хэлмээр байна. Бас чадвар дутна гэж айх хэрэггүй. Энд ирээд хангалттай бэлтгэл сургуулилт хийнэ шүү дээ. Бидэнд бусдаас дутах зүйл байхгүй.  

- Легионд элсээд хүнд хэцүү үе их тулгарч байв уу?

Мэдээж байнга хөгжилтэй байна гэж байхгүй. Энэ чинь цэргийн алба. Тэглээ гээд шантраад байж болохгүй. Болно, чадна гээд л явах хэрэгтэй. Ядаж л Монгол гэдэг нэрийг унагаж болохгүй. Тийм болохоор өөрөө хичээх хэрэгтэй.

- Багадаа спортод их дуртай хүүхэд байсан гэсэн?

Тийм ээ. Багадаа жудогоор хичээллэдэг байсан. Тэгээд намайг 15 настай байхад Францад ирж хамтарсан бэлтгэл хийх санал ирсэн юм. Манай гэр бүлийнхэн миний ирээдүйн төлөө энэ саналыг зөвшөөрч тэгээд л Францад ирсэн. Энд ирээд хэд хэдэн тэмцээнд орж шагналт алт, мөнгөн медаль авч байсан ч бэртлийн улмаас жүдог орхихоос өөр аргагүй болсон. Спортоо орхиход хэцүү байсан ч одоо бол зүгээр ээ.

- Уучлаарай жаахан эвгүй асуулт асууя. Таныг Францад очоод удаагүй өнчирсөн гэсэн мэдээлэл цахим орчинд байгаа юм л даа. Энэ талаар ярьж болох уу?

Тийм юм байхгүй ээ. Ээж, аав маань эсэн мэнд энд хамт амьдарч байгаа. Ганц нэг ташаа мэдээлэл яваад байх шиг байна. Гэр бүлийнхэн маань эсэн мэнд байгаа.

Та эх орондоо хэзээ ирэх вэ?

Уг нь өнгөрсөн жил очих гэж байсан ч коронавирусийн халдвараас болоод очиж чадаагүй. Энэ жил бас амжихгүй бололтой. Цаг сайхан болохоор эх орондоо очноо. Одоогоор Монголд байдаг хамаатнуудтайгаа утсаар л ярьж байна даа. Энэ завшааныг ашиглаад монголчуудыгаа халдвар хамгааллын дэглэмээ сахиад эрүүл саруул байгаарай гэж хэлмээр байна. Эрүүл байвал бүх зүйл болно шүү дээ. Бас багадаа энд ирсэн болохоор би эх хэлээрээ муу ярьдаг болсон. Ойлголцоход төвөгтэй байсан ч цаг гаргасан танд баярлалаа.

- Таньд амжилт хүсье. Баярлалаа.

Ярилцсан: Ц.Эрдэнэтуяа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах