ЯДУУ БАЙХ ТУСАМ УДИРДАХАД АМАР
Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж
1995 онд Дэлхийн банк Монгол улсын ядуурлын түвшний албан ёсны анхны судалгаа хийсэн юм. 25 жилийн тэртээ манай улсын ядуурлын хэмжээ 35 хувьтай байсан талаар тэрхүү тайланд дурдагджээ.
Тэгвэл өнгөрсөн жилүүдэд ядуурал буурав уу?
Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран гаргасан “Ядуурлын дүр төрх-2018” тайланд манай улсын ядуурлын түвшинг 28.4 хувьд хүрсэн гэх тооцоо хийжээ. Энэ нь Монгол улсын 3.2 сая иргэний 904 мянга нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд багтаж байгааг илтгэн харуулж байна. Тус тайланд өдөрт 1.9 ам.доллараас бага орлогоор амьдарч байгаа иргэнийг ядуу гэж тооцох аргачлалыг ашигласан аж. Ийнхүү 25 жилийн хугацаанд ядуурал цөөн хэдэн хувиар буурсан мэт харагдаж байгаа боловч ядуу иргэдийн тоо огцом өссөн харамсалтай мэдээ бидний өмнө байна. Энэ үзүүлэлт дэлхийн бусад улс оронд ямар байна вэ? Хөгжлийн түвшнээрээ манайхтай төстэй Шри-Ланкад 2016 оны байдлаар ядуурлын түвшин 4.1 хувь, Арменид 2017 оны байдлаар 25.7 хувьтай байна. Тэгэхээр манай улсын ядуурлын хэмжээ бусад дундаж орлоготой орнуудтай харьцуулахад өндөр байгаа ажээ.
Харин энэ хугацаанд Монгол улсын эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөн бэ?
20 орчим жил гэдэг бол Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайланд, Хятад зэрэг Азийн орнууд үсрэнгүй хөгжихөд хангалттай хугацаа байв. Манай улсад Таван толгой, Оюу толгой, Нарийн Сухайт, Цагаан суварга, Төмөртэй, Хөшөөт… зэрэг уул уурхайн ордууд нээгдэж, монголчууд “үүц” рүүгээ ханцуй шамлан орсон. Байгалийн баялгаа түргэн хугацаанд эргэлтэд оруулж “улс баян, иргэд ажилтай” болно гэх уриа бидний тархийг “сайтар” угаасан. Иргэд ч итгэсэн. Гэвч...
1995 онд Монгол улсын ДНБ 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 13 тэрбум ам.долларт хүрч бараг 9 дахин нэмэгджээ. Ирэх жил арван гурван их наяд төгрөгийн төсвийн орлого төсөвлөж байгаа Монгол улс 1995 онд ердөө 144.5 тэрбум төгрөгийн орлогыг төсөвтөө цуглуулдаг байж. Өнөө цагийн төрийн нэг агентлагийн даргын захиран зарцуулах мөнгөөр Монгол улс бүтэн жилийн хугацаанд цалин, тэтгэврээ тавьж, цагдаа цэрэг, сургууль цэцэрлэгээ ямар нэгэн асуудалгүй ажиллуулж дөнгөж байсан байх юм. Ийнхүү манай эдийн засаг танигдахгүй болтлоо томорч өөрчлөгджээ.
Аливаа улсын эдийн засаг өсөж байвал ажил эрхлэлт нэмэгдэж, ядуурал буурдаг жамтай. Харамсалтай нь, манай улсад ийм зүйл огт ажиглагдсангүй. Харин ч иргэд нь ядуу тарчиг амьдралдаа дасаж дөжрөөд энгийн үзэгдэл мэт хүлээж авдаг болчихож. Монголын төр уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн өсөлтийг шинэ ажлын байрыг дэмжих зорилгод бус, харин халамж хэлбэрээр тараах болсноор хөдөлмөр эрхлэлтийг боомилж, ард иргэдээ ажилгүйдэл, ядуурал руу түлхэж байгааг ч анзаарахаа больсон байна. 2021 онд улсын төсвөөс 1 их наяд 650 тэрбум төгрөгийн 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг давхардсан тоогоор 2 сая 655 мянган иргэн хүртэхээр хүлээж байна. Энэ нь халамж хавтгайрч, хяналтаас гарсны бодит жишээ юм. Бэлэн мөнгө тарааж, ядуурлаас гарсан улс дэлхий, нийтэд байхгүй билээ.
Үүнээс гадна, баялгийн тэгш бус хуваарилалт нь ядуурлыг улам бүр дэвэргэж байна. Хөгжилтэй орнуудад дундаж давхарга нийт хүн амынх нь 80 хүртэл хувийг эзэлдэг. Гэтэл манай дундаж давхарга ядуу бүлэг рүү унахад тун ойрхон бөгөөд ердөө 30 орчим хувьд хүрэхгүй байгаа статистик үзүүлэлт бий.
Өөр нэг жишээ авъя. Манай улс 1995 онд мянга орчим тн нүүрс экспортолж 10 мянган доллараар борлуулалт хийж байв. Харин 2019 онд 36.6 сая тн нүүрсийг 3 тэрбум 74 сая ам.доллараар борлуулжээ. Энэ нь бараг 9 их наяд төгрөг гэсэн үг. Ийм хэмжээний хөрөнгөөр 200 мянган өрхийг шинэ байранд оруулах томоохон бүтээн байгуулалт хийж болно. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот утаа гаргах яндангүй болно гэсэн үг. Нэг бог малыг 150 мянган төгрөгөөр бодвол 60 сая толгой хонь, ямааны үнэ хүрнэ. Энэ нь ганцхан жилийн хугацаанд Монгол улсын нийт малыг бараг шахам худалдаад авчих хэмжээний гадаад валютыг уул уурхайн нэг бүтээгдэхүүний экспортоос олж байна гэсэн үг. Гэтэл энэ их хөрөнгө мөнгө юунд зарцуулагдаж байна вэ? Гаднаас олж буй валют нэмэгдэх хэрээр иргэдийн амьжиргааны түвшин, бодит орлого нэмэгдсэн үү, иргэд байгалийн баялгаас тэгш эрхтэйгээр хүртэж чадаж байна уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдах ёстой. Үнэн хэрэгтээ эрдэс баялгаас хамаарсан эдийн засгийн өсөлт хөгжлийн хэмжүүр огтхон биш ажээ. Харин үйлдвэрлэл хөгжиж, бүтээн байгуулалт нэмэгдэх аваас ажилгүйдэл буурч, өрхийн орлого нэмэгдэж иргэн бүр үр шимийг нь мэдэрч таарна. Харин уул уурхайн асар их орлогын дийлэнх нь хөрөнгө оруулагч, “гарын үсэг” зурдаг эрх мэдэлтэн эсхүл нам дамнасан цөөхөн гэр бүлийнхэнд ногдож иржээ. Улсын эдийн засаг нь өсөөд байхад иргэд нь улам ядуураад байгаагийн учир ийм л энгийн.
Орлогын тэгш бус байдал гэдэг эдийн засгийн хямралаас ч аюултай гэдгийг зарим хүмүүс гадарлахгүй байгаа бололтой. Энэ үзүүлэлт ихсэх тутам нийгэмд үзэн ядалт, дургүйцэл нэмэгдэж, улмаар үймээн самуунаар төгссөн жишээ олон бий.
“Ядуурлын дүр төрх-2018” тайлан гаргах үеэр Дэлхийн банкны эдийн засагч Икүко Уочи: “Монголд ядуурлын улаан шугамд ойрхон байгаа хүн амын тоо өндөр байна. Макро эдийн засгийн байдал хүндэрч, бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж, нийтийн эрүүл мэнд муудвал дээрх хүмүүс ядуурал руу гулсан орох магадлал өндөр байна” гэж ярьж байжээ.
Цар тахал дэлхий нийтийг нөмөрсөн энэ цаг үед гадаадын шинжээчийн сэрэмжлүүлж байсан эрсдэлүүд амьдрал дээр хэрэгжиж эхэллээ. Ажилгүй, орлогогүй болох аваас доод давхарга руугаа ороход бэлэн байгаа дундаж давхаргын хагас сая иргэн ийнхүү ядуусын эгнээнд шилжиж эхэллээ Хэдийгээр албан ёсны статистик тоо гараагүй боловч ядуу иргэдийн тоо 1.5 саяыг давсан гэж тооцож болохоор болжээ. Одоо Монголын “гурван хүн тутмын нэг нь ядуу” гэсэн үг хэдийн хуучирч, хоёр хүн тутмын нэг нь ийм аюулд өртөөд зогсохгүй, цаашид энэ тоо эрчимтэй өсөх нь тодорхой болчихлоо.
2021 оны 11 сарын 27
Сэтгэгдэл үлдээх