Цэс Close

Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна

Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа. Авто замд тогтсон 54 тонн усыг нийт долоон рейсээр соруулж дуусгаад байгаа юм. Тухайн байршилд холбогдох байгууллагууд сувагчлал, усны хаялга зэргийг хийхээр ажиллаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимд шар усны үер бууж Хөлийн голд нийлсний улмаас 30 айл их бага хэмжээгээр усанд автжээ. Иймд өнгөрсөн шөнөөс эхлэн Нийслэлийн Онцгой байдлын газар, ГУББГ, УБЗАА болон Баянзүрх дүүргийн холбогдох хэлтэс, газруудын 35 албан хаагч, 12 машин механизм, хоёр помптойгоор ажиллаж байна. Тухайн байршилд сувагчлал татах, шар ус соруулах, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа юм.

Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудад нүүх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, нүүх байршлыг зааж өгч байгаа боловч иргэд нүүхгүй, эрсдэл тулж ирсний дараа Онцгой байдлын албанд хандаж байгаа тул албадан нүүлгэх арга хэмжээ авна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэллээ. Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах