Үер дахиад болно гэж бодсонгүй юу, Хотын даргаа
Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний амь эрсдэж, олон айл өрх усанд автаж орон гэргүй болж, өмч хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал тохиолоо. Тодруулбал, Улаанбаатар хотод энэ сарын 5-наас эхлэн усархаг аадар бороо 40 орчим минут ороход Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үер бууж, нийт 282 айл өрхийн 500 орчим иргэн үерт өртөж, 16 өрхийн 70 иргэн орон гэргүй болжээ. Насанд хүрсэн хоёр хүн, мөн 10 сартай, 14 настай хүүхэд үерийн улмаас амиа алдав. Үерт өртөж амь насаа алдсан иргэдийн ар гэрт нийслэлийн нөөц хөрөнгөөс хоёр өрөө байр, орон гэргүй болсон иргэдэд бүрэн тавилгатай гэр олгохоор болсон. Энэ бүхэн амь насыг нөхөж баршгүй зүйл гэдэг нь ойлгомжтой.
Хэдийгээр үер усны гамшиг нь хэлж бус хийсч ирдэг байгалийн давшгүй хүчин зүйл ч нөгөө талаас энэ бүхэн аль аль талдаа хариуцлагагүй байсантай холбоотой. Нийслэлд болсон энэ үерт урьдчилан сэргийлэлтэд бэлэн биш байгааг харууллаа. Угтаа хотын удирдлага өнгөрсөн үерийн нөхцөл байдал дээр тулгуурлаж судалгаа шинжилгээ хийж ажиллах байсан гэдгийг иргэд хэлж байна. Гэтэл зөвхөн гал намдаах зорилгоор ажиллаад л өнгөрсний гор гарлаа.
Нөгөө талаар хүний алтан амь эрсдэх бүрд холбогдох байгууллагын удирдлагуудыг огцор гэдэг давалгаа үүсээд удлаа. Үүн дээр дөрөөлж улстөр хийх гарууд ч гаарав. Гал дээр тос нэмэх мэт үйлдэл байхаас өөр ид шидгүй. Угтаа бид гол асуудлаа ярих бус хэн нэгнийг огцруулъя гэдгээ урьтал болгосоор иржээ. Нэн тэргүүнд гамшиг тохиолдвол хэрхэх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэргээс эхлээд олон нийтэд үнэн зөв бодит мэдээллийг хэрхэн өгөх вэ гэдэгт л анхаарч ажиллах хэрэгтэй. Иргэдээ аливаа гамшиг аюулд бэлэн байх нөхцөл боломжоор хангах зэрэг асуудлыг хөндөх байтал улстөржсөөр байгаад л асуудлыг дуусгадаг болох нь. Начир дээрээ онцгой байдлын залуучууд сайн ажиллаж байгаа. Тэд аюул бүхэн рүү улаан гараараа орж ажиллаж байна. Бид харах ёстой асуудлаа бус юуг улстөржүүлэхээ л анаад суудаг болсны нэг жишээ. Үе үеийн нийслэлийн удирдлагууд, газар олголт, буруу төлөвлөлт гээд тоочвол олон шалтгаан бий. Сошиалын цаанаас юу ч гэж бичээд суух амархан. Ажил хэрэг болгоод ажиллах л хэцүү. Угтаа бол юу юугүй улстөржүүлээд л сэвээд байх сэдэв биш л дээ, үер бол. Өнгөрсөн долдугаар сард болсон үер болоход байгалийн хэлж ирдэггүй гамшиг, нийслэлд удаан болоогүй үерийг хэн ч таамаглаагүй хэмээн хүлээн авч хандсан. Гэтэл саяны үер дээр Хотын мээр тун хайхрамжгүй хандлаа. Дахиад ч үер усны гамшиг үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уураас анхааруулж байгаа. Эхний үерийн дараа л сортоотойхон ажиллах ёстой байсан юм. Үүнд ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна гэдгээ ярих бус тийм ч гэр өгнө, ингэж ч байр өгнө гээд сууж байх жишээтэй. Гамшгийн дараах эрсдэлийг биш урьдчилан сэргийлэх арга хэмжээ иргэдэд чинь хэрэгтэй байгаа юм аа. Тиймээс л хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшиг гээд байгаа юм шүү дээ, Хотын даргаа.
Нөгөө талаар үер буух эрсдэлтэй газар буусан иргэдийн буруу гэж үзэж байгаа бол анхнаасаа иргэдэд тийм газрыг олгосон албан тушаалтнуудын буруу гэж үзэх хэсэг ч байна. Энэ бүхнийг ч мөн адил ярих ёстой. Гэтэл бид тэс өөр тийшээ харчихаад хашгираад суугаад байна.
Сэтгэгдэл үлдээх