Цэс Close

Үндэсний гэх үгтэй үзэлцээдэх гээгүй, үндэсний хэмжээнд боловсролд анхаараач гэсэн юм шүү дээ, Л.Энх-Амгалан сайдаа

Сайд Л.Энх-Амгалан МҮИС /Монголын үндэсний их сургууль/-тай “дайн” зарлав. Боловсролын сайд нь өөрөө салбар дахь үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгэн хувийн их, дээд сургуулийг олон нийтийн сүлжээгээр доромжлон дайрч, тухайн сургуулийн суралцагч, төгсөгч нарын нэр хүндэд илэрхий халдлаа.

Л.Энх-Амгалан сайд энэ наймдугаар сарын 26-ны өдөр их, дээд сургуулийн элсэлтийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ хов живийн шинжтэй,  хариуцлагагүй үгийг анх унагасан. Тэрээр Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн талаар “Бид Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна. Энэ бол луйвар. Хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд МУИС-д ороод байна уу, МҮИС-д ороод байна уу гэдэг ялгаагаа ойлгохгүй маш их төөрөгдөл үүсч байна. Тиймээс бид энэ их сургуулиас нэрээ буцааж авна. Энэ бол Монголын төрийн өмч” гэж ярив.

Сайд Л.Энх-Амгалангийн хэлснээр МҮИС-ийн их, дээд сургуулийн мянга мянган элсэгч, төгсөгч нар У, Ү  үсгийг ялгахгүйгээр их сургуульд орсон болж цахим гадуурхалтад өртөв.

МҮИС нь Монголын боловсролын салбарт 20 жилийн түүхтэй, салбартаа тодорхой хувь нэмэр оруулж яваа боловсролын байгууллагын нэг. Гэтэл салбарын сайд нь боловсролын салбарт суралцагч, салбарт ажиллагсдыг улс орон даяар хээвнэг доромжлон луйварчин, хулгайчаар дуудаж, 21 аймаг, гадаад дотоодоос оюутан сургадаг сургуулийг дүүргийн хэмжээнд хүрэхгүй гэж доромжилж байна.

Л.Энх-Амгалан сайдад салбар дахь нэгж байгууллагаа илэрхий доромжлон, батлагдаж гараагүй хуулиар далайлган нэрийг нь булааж авах эрх, ёс зүй бий юу.  Хариултыг баримтаар хүргэе.

  • МҮИС /Монголын үндэсний их сургууль/-ийн нэр МУИС /Монгол Улсын их сургууль/-тай нэр давхцсан эсэх асуудал 2017 онд Монгол Улсын шүүхээр орж давхцаагүй гэж шийдэгдсэн байдаг.
  • Ингэж шүүхээр нэрний асуудал дээр давхцалтай үгүйг нь тогтоож, хуулиар шийдэгдсэн байтал сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын хууль, шүүхээс давж “хэрэлдэж” суугаа нь юуны учир вэ?
  • Манай улсад аливаа эрх зүйн асуудал хууль, шүүхийн журмаар зохицуулагддаг. Шүүх дээр эцэслэгдсэн асуудал дээр шүүх, хуулийг давж шууд нэрийг нь булааж авна гэж ярьж байгаа нь хэр зохистой вэ?

МУИС, МҮИС-ийн нэрний асуудал дээр Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлөөс “МУИС, МҮИС гэдэг нэршил тусдаа. Англи, монголоор алинаар нь бичсэн төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай байна” гэдгийг нь ч албан ёсоор тодорхойлсон баримт бий.

Тодруулбал, Монголын үндэсний их сургуулийн “Монголын үндэсний” гэсэн үгтэй  Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болно” гэж Төрийн хэлний зөвлөлөөс тодорхойлж өгчээ. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчын гаргасан дүгнэлтээр Оюуны өмчөөр баталгаажсан МҮИС-ийн нэр нь зохих хууль зөрчөөгүй, төөрөгдүүлсэн зүйл байхгүй байна гэдгийг тогтоосон байна.

 “Монголын үндэсний” гэх үгийг өдгөө сайд Л.Энх-Амгалан “Монголын үндэсний их сургууль хэмээх нэр нь монгол төрийн өмч” гэж хэлснээ хэдхэн хоногийн дараа “Миний юм. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” хэмээн өөрөөс нь хулгайлсан аятай хаан шиг доромжлон сууна. “Миний юмыг надаас авчлаа” хэмээн хэлж суугаа Л.Энх-Амгалан сайд Боловсролын яамыг арай хувьдаа хувьчлаад авчаагүй л байлтай.

Чухамдаа “Монголын үндэсний” гэх үг орсон байгуулага манай улсад олон  бий. “Монголын үндэсний” гэх үгтэй бүх байгууллагын нэрийг сайд Л.Энх-Амгалан хурааж, булааж, дээрэмдэж авах боломжгүй гэдэг нь ч  тодорхой юм.

МҮИС гэх нэрийг Монгол Улсын Бүртгэлийн ерөнхий газраас анх давхцалгүй байна гэж үзээд олгосон. Боловсролын яам нь ч энэ нэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг анх 2000 оны эхээр олгож, тухайн үеийн сайдын тушаал гаргасан нь өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгэхээр өнөөдөр Л.Энх-Амгалан сайд “МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ” гэж ярьж байгаа нь бодит байдал дээр Боловсрол, шинжлэх ухааны яам өөрөө хариуцагчаар дуудагдах хууль эрх зүйн асуудал үүсэх магадлалтай. 

Учир нь 2017 онд МУИС, МҮИС-ийн нэрний маргаан шүүх дээр очиход нэр олгосон гэдэг үндэслэлээр Улсын бүртгэлийн газар, Боловсролын яам хариуцагчаар дуудагдаж, яамнаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцон, МҮИС гуравдагч этгээдээр оролцож байсан.

Тэгэхээр сайд Л.Энх-Амгалан “МҮИС-тэй шүүхдэлцэнэ” гэж ярьж байгаа нь үнэн чанартаа өөрөө өөртэйгээ шүүхдэлцэх болчихоод байгаа хэрэг.

Сайдын иш татсанаар “УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн төсөлд хувийн сургууль “Монголын үндэсний” нэр авахыг хориглож байгаа учраас нэрийг нь авна” гэж ярьсан нь албан ёсоор батлагдаж гараагүй хуулийн нэрийг дурдаж нэг аж ахуйн нэгжийг далайлган айлган сүрдүүлсэн хэрэг болж байна.

Хууль бол хэн нэгэн хүн, нэг байгууллагад зориулагдаж гардаггүй. Сайдын ярианаас үзэхэд МҮИС гэх боловсролын байгууллагад зориулж тун удахгүй хууль шинэчлэгдэн гарахаар болж байгаа ч юм шиг ойлгогдохоор болчихож байна.

Нэрний давхцалтэй эсэх хөндөгдөх дээрээ тулвал бүхий л зүйл хуулийн хүрээндээ явагдах ёстой.  Түүнээс биш аль нэгэн байгууллагын нэр хүндийг олон нийтэд төрийн нэр барин гутаан доромжлох, тус сургуулийн нийт төгсөгчдийг У, Ү үсгээ ялгахгүйгээр суралцсан утгаар доромжилж болохгүй юм. Улсын, үндэсний гэх язгуур өөртэй үгнүүдийг өөрийнхөөрөө нэг үг болгон тайлбарлан тархи угаах гэж зүтгэж байгаа ядмагхан арга нь сайдыг хэр боловсролтой хүн бэ гэдгийг бас харуулж байгаа болов уу.

Өнгөрсөн хугацаанд Монголын төрийн зохих байгууллагуудаас МҮИС, МУИС-ийн нэр давхцал байгаа эсэх дээр бүгд л зохих дүгнэлт шийдвэрээ хэдийнээ гаргачихсан. Тухайн төрийн байгууллагын бүх шийдвэрийн эсрэг сайд гэх ганц хүн хуулиас давсан эрх мэдэл гаргаж, асуудалд хөнгөн хуумгай хандаж байна. Одоо магадгүй МҮИС-тэй холбоотойгоор төрийн ямар нэгэн хуумгай шийдвэр гаргуулахаар зүтгэж, амнаасаа унагасан хариуцлагагүй үгээ үнэн болгохоор дайрч ч магадгүй.

Манай улс ардчилсан үзэл баримтлалтай, хувь хүний эрх чөлөөг дээдлэгч улс орон. Хүний хийсэн бүтээсэн рүү дайрч булааж авах хууль эрх зүй ч байхгүй.

20 жилийн хугацаанд МҮИС гэх оноосон нэрийг брэнд болгож, боловсролын байгууллагад зохих хувь нэмрээ оруулж яваа Монголын үндэсний их сургуулийн хамт олон, суралцагч, төгсөгчид гэнэтхэн нэг өдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан гэх хувь хүний хэмжүүрээр он удаан жилээр овоглогдсон нэрээ хүлээлгэн өгч, нэргүй болж үлдэх ёстой юу.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн дагуу олгосон МҮИС нэрийг энэ хамт олон нөр их хөдөлмөрөөрөө бий болгосон болохоос биш тэд хэн нэгнээс хулгайлж, дээрэмдээгүй.

Аливаа оноосон нэр тухайн байгууллагын өмч юм уу, эсвэл сайдын хэлж байгаагаар улсын өмч үү, сайдын өөрийнх нь өмч үү?

“Монголын үндэсний” гэх үг ямар нэгэн хуульд улсын өмч байна гэсэн үг, үсэг одоогоор байхгүй. Хууль батлаад гаргалаа гэхэд энэ үг улсын өмч боллоо гэж үзэхэд энэ үг орсон бусад мянга, мянган аж ахуйн нэгжүүд хэрхэх вэ. Сайдын хэлснээр бас л нэрээ хүлээлгэн өгөх ёстой болох уу.

Боловсролын салбарт тулгамдсан маш олон асуудал байсаар байхад салбарын сайд нь нэг үг, үсэгтэй ноцолдож, бүтээн байгуулагч аж ахуйн нэгж рүүгээ дайрч байгаа нь бодлого тодорхойлдог салбарын сайдын хийх ажил мөн үү.

Хэрвээ ирсэн сайд болгон өөрийнхөө үзэмжээр салбарт он удаан жил ажиллаж байгаа байгууллагууд руугаа энэ мэтээр дээрэнгүй дайраад байвал энэ салбар хөгжих үү. Монголын ирээдүй яг хаашаа явж байна вэ? Үндэсний гэх үгтэй үзэлцээдэх гээгүй,  үндэсний хэмжээнд боловсролд анхаараач  гэсэн юм шүү дээ,  Л.Энх-Амгалан сайдаа.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах