Шүүхээс Өмнөговийн Засаг дарга Р.Сэддоржид хилийн хориг тавьж, Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хоригложээ
Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Засаг дарга ажилтай Р.Сэддоржид Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Гэтэл яллагдагч Р.Сэддоржийн өмгөөлөгч Л.Данзанноровоос тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандан дээрх хязгаарлалт тогтоосон шүүгчийн захирамжийн зарим хэсэг буюу Р.Сэддоржийг “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Мөн Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ын дарга ажилтай Б.Түвшинбаяр, “Тавантолгой” ХК-ны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг нарт “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” саналыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.
Прокуророос яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргасныг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг шийдвэрлэтэл тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Одоо яллагдагч Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх