Өнөөдөр Хүүхдийн баярын өдөр
Өнөөдөр Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг манай улсад 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. Анх Хүүхдийн баярын өдөр хэмээн ирж, 1995 оноос Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар энэ өдрийг "Эх үрсийн баяр" болгон нэрлэж 2003 он хүртэл тэмдэглэж ирсэн бөгөөд тухайн оны тавдугаар сарын 22-нд УИХ дээрх зарлигийг цуцалж “Хүүхдийн баяр” гэж нэрлэн хүүхдийн эрхийн талаар анхаарлаа хандуулдаг өдөр болон тогтсон юм. Манай улс хүүхэд гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх таатай боломж бүрдүүлэхийн тулд эл өдрийг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг болсон цөөн орны нэг юм.
Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас 2020, 2021 онуудад "Хүүхдийн баяр"-т зориулсан аливаа арга хэмжээг зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
Анх 1925 онд Женев хотноо болсон Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж байжээ.
Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир ийнхүү анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглалыг Женевт батлаж байв.
Өөрөөр хэлбэл, энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Үүний дараа 1959 оны 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.
Сэтгэгдэл үлдээх